Шууд Chart

Батга

2015-03-12 11:09:34

Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг бол батга. Үндсэн шалтгаан нь арьсны дотор байх үй олон тосны булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс болж тос ихээр хуримтлагдан саатсантай холбоотой. Нэгэнт тос нэг газарт ийн бөөгнөрснөөс болон тэр хэсэгт гүвдрүү үүсэхийг батга гэж ойлгож болно. Гэхдээ арьсан дээр их халууцсан, хөлөрснөөс шалтгаалан жижиг идээт гүвдрүү гарах бол батга биш. Батга гарсан ч гэлээ ариун цэвэр сайн сахиж, угааж цэвэрлэн, зориулалтын тос хэрэглэх зэргээр арчилж чадвал гаднаас халдвар орохгүй намжаах боломжтой. Ингэж чадаагүй, эсвэл хамаагүй шахаж оролдсоноос гадны халдвар орон идээлж буглах нь цөөнгүй. Батга шилжилтийн насанд голдуу гардаг бөгөөд энэ тохиолдолд өвчин, эмгэг гэж үздэггүй. Өсөж буй бие махбодийн бодисын солилцоо эрчимтэй явагдсаны үр дүн ингэж илрэх нь байж болох үзэгдэл мөн. Батга хүний биеийн хөлрөмтгий газар буюу нүүр, цээж, нуруу хавиар илүүтэй гардаг. Өсвөр насны хүүхдүүд нүүрэнд гарсан батганаасаа ичиж нэрэлхэх нь элбэг. Ингээд хурдан эдгэж магадгүй хэмээн эндүүрч шахах, элдэв тос түрхлэгээр дарах гэж оролддог. Үүнээс улбаалан батга гадагшлах нүх улам битүүрэх, халдвар орж идээлэх, батга улам нэмэгдэх зэрэг муу талтай учир эцэг, эх, багш нар хүүхдүүддээ учрыг сайн ойлгуулах хэрэгтэй.

Иргэдийн дунд батгатай холбоотой буруу ойлголт ч явдаг. Тэр нь шилжилтийн насны онцлог. Бэлгийн харьцаанд орсны дараа өөрөө зүгээр болдог гэж. Маш буруу ойлголт мөн. Бэлгийн бойжилт хүссэн ч, эс хүссэн ч явагддагаараа явагдах бөгөөд ямар нэг нэмэлт үйлдэл шаардлагагүй өөрөө илааршина. Мэдээж хүн бүрийн бие махбодийн өсөлт хөгжилт яг ижилхэн байхгүй. Тиймээс зарим хүнд батга гарах үзэгдэл удаан үргэлжлэх нь бий. Батга арилахгүй нэмэгдэх хандлагатай байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмнэлгийн заалтаар шахаж, зориулалтын бигнүүр, шарлага, рашаан, шавар, зүү зэрэг эмчилгээ хийдэг. Гэхдээ энэ эмчилгээг шилжилтийн насны охид, хөвгүүд хийлгэх нь тийм ч сайн үр дүн өгөхгүй. Батгыг хамаагүй шахаж бөөгнөрсөн тосыг гаргаснаар тос хуримтлагдсан газарт онгорхой нүх үлдэж хоцрох магадлалтай. Ховордуу ч гэлээ ов тов цөөхөр нүүртэй хүмүүс байдаг даа. Цагаан цэцэг /бурхан ч гэдэг/ өвчин туссаны дараа ийм сорви үлддэг ч цөөнгүй нь батгатай холбоотой. Батгыг хамаагүй шахаад байвал ийм болж үлдэж болзошгүй учир эмчийн зөвлөгөөг дагах нь зүйтэй. Арьсны шар үсний нүхэнд тос хуралдсан бол тухайн жижиг хэсэг гөвдрүүтэж, оройд нь хар толгой үүссэн байдаг. Шахахад цайвар өтгөн зүйл гарна. Гэхдээ нүх нь онгойн үлддэг учир халдвар орох нөхцөл бүрдлээ гэсэн үг. Ийнхүү хатиг буглуу болон лавширч магадгүй. Ерөнхийдөө өсвөр насны охид, хөвгүүд батганаас айж эмээх, сэтгэл түгших хэрэггүй. 16 нас орчмоос батга гарч эхлэх ба 25 нас орчимд аяндаа зүгээр болдог. Цөөнгүй тохиолдолд 30-35 нас хүртэл үргэлжлэх нь бий. Ер нь шилжилтийн нас хүүхэд бүрт байх боловч бүгдэд нь батга гарна гэсэн үг биш. Судалгаагаар тухайн насны охид, хөвгүүдийн 20-30 хувьд нь ямар нэг хэмжээгээр ажиглагддаг гэж үздэг. Батга гарах шинж тэмдэг илэрвэл ариун цэврийн дэглэм сайн сахиж, усанд ойрхон оруулж, дотуур хувцсыг нь солих, тослог багатай хоол хүнс хэрэглэх нь тустай. Батга гарсан хэсэгт зориулалтын тос түрхэж болно. Нүүрээ халуун бүлээн усаар угаагаад, дараа нь хүйтэн усаар шавшиж угаана. Тэгээд хуурай зөөлөн алчуураар дарж хатаана. Шилжилтийн насанд ганц батга ч биш сэтгэл санаа, зан харьцаа гээд олон өөрчлөлт гарч болдог тул эцэг эх, багш, сургуулийн эмч нар ийм насныханд онцгой анхаарах нь чухал. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
 


Батга   
Үзсэн: 3466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй