Шууд Chart

Бодисын солилцоо гэж юуг хэлдэг тухай

2015-03-18 11:31:17

Ер нь амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар харилцан солилцож байдаг. Үүнийг бодисын солилцоо гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бодисын солилцооны үр дүнд химийн янз бүрийн урвал явагдаж дулаан ялгарах төдийгүй химийн шинэ нэгдлүүд үүсч, буцаж задрах зэрэг олон үйл хөдөлгөөн явагдана. Энэ нь амьд бие махбодийн онцлог юм. Амьд биет бүхэн тэр байтугай хүн хүний бодисын солилцоо харилцан адилгүй байдаг ч ерөнхийдөө адил зарчимтай. Гагцхүү нас, хүйс, биеийн жин, эрүүл мэндийн байдал, амьдран буй орчноосоо хамааран бодисын солилцоо нь хурдан, удаан, их, бага гэхчлэн ялгаатай байдаг нь хэрэглэж буй хүнс тэжээл, орон байр, өмссөн хувцас, ажил мэргэжлийн онцлогоосоо хамаараад өөрчлөгдөж, хувирч байдаг юм. Жишээ нь, хүйтэн орчинд амьдардаг хүмүүст дулаан шаардагдах учир өөх, тос, уураг ихтэй хоол хүнс хэрэглэж, түүнээс гарах дулааны хүчинд хэвийн амьдардаг байх жишээтэй. Тэгвэл эсрэгээр халуун дулаан орны хүмүүс илчлэг багатай хоол хүнс голдуу хэрэглэдэг ба шингэн их уух шаардлагатай болдог. Бодисын солилцооны гол хэсэг нь уураг, нүүрс ус, өөх тос байдаг. Зайлшгүй хэрэгцээтэй бодисуудыг бүтээгч 20 гаруй төрлийн амин хүчил байдаг. Эдгээрийн аль нэг нь дутагдвал эмгэг өөрчлөлт гарах төдийгүй бүр өвчин болох нь ч цөөнгүй. Хоол хүнсээр дамжин биед орсон уураг задарч дээр дурдсан амин хүчлүүдийг үүсгэх ба тэр нь судасны ханаар цусанд шимэгдэн орж эд эрхтэн бүрт шаардлагатай хэмжээгээр хуваарилагдан очдог. Ийнхүү цусанд орсон амин хүчлүүд өөр хоорондоо болон биеэс ялгарсан бусад бодисуудтай нэгдэж илүүдэл болох нүүрс хүчил, ус, давс зэргийг элэг, бөөрөөр дамжуулан дахин ялгаад гадагш гаргах байдлаар байнга эргэлдэж байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн доторх химийн найрлага байнга шинэчлэгдэн хувирч байдаг гэсэн үг.

Ялангуяа хүүхэд залууст бодисын солилцоо илүү хурдацтай явагддаг тул хурдан өсч томорч, оюун ухаан нь тэлж задарч байдаг бол нас ахих тусам бодисын солилцоо удааширч, зориудаар нэмж авахгүй аажимдаа эд эсүүд усгүйжин, агших хорчийх ба энэ нь гадна талдаа арьс хуурайшин үрчийх, бие жижгэрэн нуруу намсах, мартамхай болох, идэх уух нь танагдах зэргээр илэрдэг жамтай. Хүний бие эрхтэн энергийн гол нөөцөө нүүрс уснаас авдаг бөгөөд авсан энергийн ихэнх нь хүний тархи мэдрэл, булчин шүрмэсийг хэвийн ажиллуулахад зориулагддаг. Харин нүүрс усыг хэтрүүлэн авснаар хүн таргалж, өөхлөн, улмаар эрүүл мэнд нь доройтдог. Тэрчлэн нүүрс усны багагүй хэсэг нь хоол боловсруулах замд бусад амин хүчилтэй нэгдэж глюкоз гарган цусанд зохих хэмжээгээр оруулдаг. Цусанд орсон глюкоз нойр булчирхайгаас ялгарах инсулин гэх бодистой нэгдэж гликоген гэдэг өөр төрлийн бодис үүсгэх ба энэ бодис хүний мах буюу булчин, элгэнд шаардлагатай хэмжээгээр нөөцлөгдөн байдаг юм. Энэ хэмжээ хэвийн хэмжээнээс илүүдвэл чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болох жишээтэй. Бодисын солилцоог хэд хэдэн хэсэгт ангилж үздэг. Эхнийх нь хоол боловсруулах замд үүсэх солилцоо. Үүнд пепсин, трипсин, химотрипсин үүсэх процесс орох ба тэдний нөлөөгөөр идсэн хоол хүнс бүр жижиг элемент болтлоо задардаг. Дараагийн шат нь ингэж задарсны үр дүнд үүссэн нүүрс ус, өөх тос, уураг, эрдэс давс, амин дэмүүд гэдэсний ханаар шимэгдэн эд эрхтэнд хуваарилагддаг. Эд эрхтэн ажиллаж илүүдэл бодисуудаа элэг, бөөрөнд шилжүүлэх ба тэнд дахин боловсруулагддаг. Эцэст нь элэг, бөөрөөр шүүгдэн дахин хэрэглэхгүй болсон бодисууд шээс, өтгөн, хөлс, амьсгал байдлаар гадагшилж, хөрс, усанд шингэх байдлаар ялзмаг болон хувирдаг. Ялзмаг нь өвс ургамал, ус чийгээр дамжин амьтан ургамлыг тэжээх ба өөрчлөгдөн хувирсан байдлаар хүнд эргээд хоол, хүнсээр дамжин орорх байдлаар тасралтгүй эргэлдэн байдаг юм.  

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос


Бодисын солилцоо гэж юуг хэлдэг тухай  
Үзсэн: 7847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-18 12:44
aan zow zow. oilgoloo

Бидэнтэй нэгдээрэй