
Хүний бөөр бол бие махбодиос илүүдэл шингэнийг гадагш гаргах үндсэн үүрэг бүхий хос эрхтэн. Бөөрөөр ихэвчлэн хортой бодисууд ялгардаг гэж ойлгож болно. Тэдгээр бодисууд нь янз бүрийн эрдэс давс давамгайлсан бүтэцтэй. Бөөрний чулуу гэдэг нь дээр дурдсан эрдэс давсны зарим хэсэг бөөр шээсний замын аль нэг хэсэгт тунаж үлдсээр өтгөрөн хатуурсан байхыг хэлдэг. Чулуу үүсгэх олон өвчин байдгийн дотроос эрдэс бодисын солилцоонд голлон нөлөөлдөг бамбай булчирхайн үрэвсэл, сэрээ булчирхай, өнчин тархи, бөөрний дээд булчирхайн архаг хууч өвчин төгс эмчлүүлэхгүй тохиолдолд үндсэн шалтгаан болох магадлал өндөртэй. Ийм өвчингүй атлаа хүнсэндээ давс, элдэв хурц амтлагч байнга ихээр хэрэглэдэг хүмүүст чулуу үүсэх эрсдэл бий.
Түүнээс гадна шээсний замыг ямар нэг хэмжээгээр саатуулах өвчин эмгэгээс болоод шээсээ гүйцэд гадагшлуулж чадахгүй байснаас үлдэгдэл шээс өтгөрөн чулуужих нь цөөнгүй. Ийм өвчний тоонд түрүү булчирхайн хавдар, томролт бүхий үрэвсэл, шээсний сувгийн гэмтэл, зарим тохиолдолд төрөлхийн мурий, тахир байрлал, бөөрний аяганцар, тэвшинцрийн үрэвсэл, хавдар, бас бөөртэй зэргэлдээ орших бусад эрхтний хортой, хоргүй хавдар томорч дарсан зэрэг олон шалтгаан нөлөөлж болно. Бөөрний чулуу найрлагаасаа хамааран хатуу, бутрамтгай, том, жижиг янз бүр байж болно. Чулуу голчлон бөөрний тэвшинцэр, давсагт байрлах боловч цөөн биш тохиолдолд бөөрний гүнд буюу аяганцарт байрлах нь бий.
Бөөр чулуужсан үед өвдөлт нь өвөрмөц байрлалтай, хүчтэй хатгасан байдалтай мэдрэгддэг. Байрлал нь бөөрний тушаа буюу бүсэлхийн ар хэсэгт илэрч улмаар гуя, цавь, эмэгтэй хүний өндгөвч, умайн доод хэсэг хавьцаа, эрэгтэй хүнд гуяны дотор тал, төмсөг рүү чиглэлтэй даамжирдаг. Хэвтэж буй байрлалаа сольсон ч өвдөлт намдахгүй бол чулуу байж магадгүй хэмээн үздэг юм. Өвдөлттэй зэрэг шээс ойр ойрхон хүрэх ба дүлэхэд бага зэргийн шээс шархирсан өвдөлттэй ялгарна. Шээсийг сайн ажиглавал цусан судал анзаарагддаг. Бөөрний чулуу жижгэвтэр, хөдөлгөөнтэй, ирмэгтэй бол шээсний замыг гэмтээж цус гаргадаг. Шээс дөнгөж гарч эхлэхэд цус үзэгдэж байвал чулуу давсаг орчим, харин шээсний төгсгөл хэсэгт цус анзаарагдвал чулуу нэлээн дээр байрласан гэж урьдчилан таамаглана. Харин чулуу бөөрний дунд хэсэгт буюу аяганцарт байрласан бол шээс ерөнхийдөө цусархаг ялгарна. Чулуу байж магадгүй хүчтэй өвдөлт илэрвэл даруй эмчид үзүүлэх хэрэгтэй. Өвдөлтийг түр намжаахын тулд шулуун булчинг агшаах үйлчилгээ бүхий но шпа төрлийн эм ууж болно
Тэгээд шээсний шинжилгээ, ЭХО, рентген, компьютерт харуулах хэрэгтэй. Бөөрний чулуутай хүн архи, тамхи хэрэглэсэн, хурц амтлагч, давс ихтэй, халуун ногоотой хоол хүнс хэрэглэсний дараа хурц өвдөх талтай. Жижгэвтэр бөгөөд хөдөлгөөнтэй чулууг бутлах, жижиглэх зориулалтын эм өгсний дараа шээс сайн хөөх ундаа, шар айраг уулгаад, чичрэх, зайлах маягийн хөдөлгөөн хийснээр шээсний хамт хөөгдөн гарах нь бий. Гэхдээ чулууны байрлал, хэмжээг сайтар тогтоолгосны дараа эмчилгээгээ сонгох нь эрсдэлгүй. Учир нь дээр байсан чулуу доош хөөгдөн шээсний сүвийг таглан гацах тохиолдол ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдож болно. Чулуу их том, эсвэл бөөрний дунд хэсэгт байрлалтай бол мэс заслын эмчилгээ хийдэг. Сүүлийн үед дурангаар харж оношлох, чулууг жижиглэн буталж авах арга өргөн нэвтэрч буй. Чулуу удсан тохиолдолд хоёрдогч үрэвсэлтэй хавсрах нь цөөнгүй тул түүнээс сэргийлсэн антибиотик эмчилгээ хийдэг. Антибиотикоо зөв сонгохгүй бол ихэнх антибиотик бөөрөнд тунаж үлдэх магадлалтайг анхаарах хэрэгтэй. Бөөрний чулуутай хүний хурц огцом, хүчтэй өвдөлтийг даруй намдаахгүй бол өвдөлтийн шоконд орох эрсдэл бий.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Бөөр чулуужих эмгэг | ||
Үзсэн: 7515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.