
Амьд бие махбодийн эрүүл, хэвийн өсөлт хөгжилтөнд чухал ач холбогдолтой амин дэм гэж үздэг. Эмчилгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг энэ төрлийн амин дэмийг В1 /тиамин/, В2 /рибофлавин/, В3 /никотины хүчил буюу PP/, В5 /пантений хүчил/, В9 /фоллацин/, В12 /цианкобаламин/ гэхчлэн нэрлэдэг. Тухайн амин дэмийн найрлагад орсон химийн элементүүдээс хамааран ийнхүү ангилсан байна. Тухайлбал, В1 амин дэм гэхэд нүүрс, усны солилцоонд онцгой нөлөөлдөг. В1 дутагдсанаас мэдрэлийн судлуудын хэвийн ажиллагаа алдагдаж үе мөч өвдөх, үрэвсэх шинжүүд гарах бөгөөд улмаар полиневрит гэх үе мөчний өвчин болж хүндэрдэг. Түүнээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саарч өтгөн хатах, булчин сулрах эмгэг илэрнэ. Цаашдаа хоёрдогч байдлаар оюуны чадавх, биеийн тэнхэл сулрах нигууртай. Энэ амин дэм дутагдсанаас ядарч сульдах, гар, хөл суларч хүчгүй болох, барьсан тавьснаа алдаж унагаад байх шинжүүд гарах бөгөөд эмчилгээ хийлгэхгүй байваас булчин хатангирших хүртлээ даамжирдаг. В амин дэм нь буурцагт төрлийн үр тарианы ургамлын хальс, хивэг зэрэгт харьцангуй өндөр агуулагддаг. Шар буурцаг, амуу буудай, арвай, эрдэнэ шиш хүнсэндээ хэрэглэх нь В амин дэмийн дутагдлаас найдвартай сэргийлдэг. Махны төрөл дотроос элэг, бөөр, зүрхэнд В төрлийн амин дэм илүү байдаг. Тэрчлэн гахайн махан дахь В1 амин дэмийн хэмжээ үхэр, хонины махан дахиас 6-8 дахин их байдгийг эрдэмтэд тогтоожээ.
В2 буюу рибофлавин
Хүн, амьтны өсөлтөд гол нөлөөтэй нүүрс ус, уургийн солилцоонд В2 амин дэмийн оролцоо их. В2 амин дэмийн оролцоо нөлөөлөлтэйгээр мэдрэлийн эд эс, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байдаг юм. Тэрчлэн нүдний эвэрлэг, болор хоёрын хооронд явагдах бодисын солилцоонд нөлөөлж, гэрэл болон өнгө мэдрэх чадварыг сэргээдэг. Бусад амин дэмийн адил бие махбодийн хэрэгцээт В2 амин дэмээ хүнс тэжээлээрээ дамжуулан авна. В2 амин дэм дутагдсанаас юуны түрүүн ам хатах, уруул омголтох, хагарах, үс унах, амархан хагтах, нүд улайх, нуухтах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. В2 амин дэм нь өндөг, бяслаг, сүү, мах, буурцаг, ногоон вандуй, шар буурцаг, хүнсний эсгүүр, тэр тусмаа исгэлэн тараг, айраг, ингэний хоормогт илүүтэй агуулагддаг. Тэрчлэн хүнсний ногоо, лийр, чавга, чангаанз, улаан лооль, лууван хэрэглэх нь В2 амин дэмийн дутагдлаас сэргийлнэ. Энэ төрлийн амин дэм нь нарны хэт ягаан туяанд амархан задардаг тул В2 амин дэм бүхий эм тариаг нарны гэрэл нэвтрэхгүй газар хадгалах хэрэгтэй. В2 амин дэмийг ам гэмтэх, нүд үрэвсэх, арьс, хумс хуурайших, мэдрэлийн ядаргаа зэрэг эмгэгийг илааршуулахад өргөн хэрэглэдэг бөгөөд сүүлийн үед шээс чавдаграх, хаван хөөх, цус өтгөрөх, хавдар болон бэлгийн суларлаас сэргийлэх эмчилгээнд хавсран хэрэглэх нь үр дүнтэй гэж үзэх болсон.
В3 буюу никотины хүчил
Эд, эсийн түвшин дэх агаар шилжилт хөдөлгөөн, уургийн солилцоонд оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүнс тэжээлээр дамжин орсон В3 амин дэм ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, элэг, нойр булчирхайн эмгэгээс сэргийлдэг. Ерөнхийдөө аль нэг амин дэм дангаараа бодисын солилцоонд нөлөөлөхгүй ч бусад амин дэм, эд эсийн дотор байх ферментүүдтэй нэгдэх, задлах замаар хүний бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй нэгдлүүдийг буй болгодог. Тухайлбал, В3 амин дэм л гэхэд хүнийн генийн ДНК, өөх, уураг гэхчлэн 200 гаруй төрлийн фермент бүрэлдэхэд оролцдог байна. В3 амин дэм дутагдсанаас улбаалан арьс, салст амархан үрэвсэж шархлах, улайх, гэдэс гүйлгэх, ядарч сульдах, батга, идээд гүвдрүү гарах нь нэмэгдэх, толгой өвдөх, огиулах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удваас арьсны хүнд хэлбэрийн эмгэгт тооцогдох пелдагра гэх өвчин болж хүндрэх нь ч буй. Аливаа өвчин эмгэг ганц нэг амин дэм дутагдсанаас бус хоол хүнсээр дамжуулан авдаг хэд хэдэн төрлийн амин дэмийн дутагдалтай холбоотой байдаг тул эмчилгээнд амин дэмүүдийг хавсран хэрэглэх нь түгээмэл. Гэхдээ аль төрлийн амин дэмийн дутагдал илүүтэй дутагдсаныг эмч нар шинжилгээ болон шинж тэмдгээр оношлон эмчилгээний тактикдаа боловсруулдаг юм. В3 амин дэм нь тахиа, үхэр ялангуяа тугалын мах, элэг, бөөрөнд илүүтэй агуулагддаг. Мөн эрдэнэ шиш, буурцагт ургамал, шинэхэн арвайд харьцангуй их байна. Цагаан будааны гадна хальс В3 амин дэмийг агуулж байдаг учир хальсыг нь хэтэрхий их цэвэрлэж хэрэглэх нь буруу гэж үздэг. Хүнсэндээ цагаан будаа голчлон хэрэглэдэг улсын хүн амын дунд тархаж байсан “Бери бери” гэх өвчин цагаан будааны хальсыг байнга арилгаж хэрэглэснээс шалтгаалсан байжээ.
В6 аминдэм буюу пиродоксин гидрохлорид
Энэ төрлийн амин дэм нь уураг, өөх тосыг шингээх, гол нь азотын солилцоонд голлох үүрэгтэй байдаг. В6 амин дэм дутагдсанаас хүүхдийн өсөлт зогсож, хоол боловсруулах эрхтэн хямрах ба байнга гүйлгэж, улмаар тураалд ордог. Хүүхэд эхийн хэвлийд байх үеэс эхлэн В6 амин дэм бүхий хүнс хэрэглүүлж байхгүй бол эхийн бие организмд эмгэг шинжүүд гарч хэвлий дэх урагт нөлөөлнө. Амны салст үрэвсэж, нүд улайх, толгой хүзүүгээр жижиг шарх гарч, нойр муудах ба төрөлтийн хүндрэл гарах нөхцөл бүрддэг. В6 амин дэмийн байнгын дутагдал нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, оюун ухааны хомсдолд оруулах хүртлээ даажирдаг. В6 амин дэм нь бусад амин дэмүүдийн нэгэн адил хүнсний эсгүүр, эрдэнэ шиш, үр тарианы хальс, халтар арвай, бараг бүх төрлийн хүнсний ногоонд ихээр агуулагдах бөгөөд үхэр, тахиа, гахай, хонины мах, элэг, өндөг зэргийг хүнсэндээ хэрэглэж байгаа тохиолдолд шаардлагатай амин дэмээ аваад байх боломжтой. Манай орны хувьд В6 амин дэмийн дутагдал бараг гардаггүй гэхэд болно. Харин хүнд өвчнөөр өвчилсөн болон илчлэг багатай, нэг төрлийн хүнс удаан хугацаагаар хэрэглэсэн зэрэг тохиолдолд бусад амин дэмийн дутагдлуудтай хавсран илэрч болно. Сүүлийн үед залуу эмэгтэйчүүд турах зорилгоор хоол хүнсээ хязгаарлаж хэт турснаар амин дэмийн дутагдалд орон эргэж сэргээх боломжгүй хүндрэх нь мэр сэр ажиглагддаг. Үүнээс болж амь насаа алдсан нь хэрэгцээт амин дэмүүдийн дутагдлаас болсон тухай хэвлэлд бичигдсэн нь буй.
В5 амин дэм буюу пантений хүчил
Бусад амин дэмүүдийн нэгэн адил бодисын солилцоонд чухал үүрэгтэй амин дэмийн нэг юм. Тэрбээр мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй оролцох бөгөөд бөөрний дээд, доод шүүрлийн болон бамбай булчирхайн эмгэгээс сэргийлдэг. Энэ төрлийн амин дэм бараг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг тул зөвхөн В5 амин дэмийн дутагдалд орно гэж байдаггүй гэхэд болно. Пантен гэдэг нэр нь хүртэл хаа сайгүй гэсэн грек үгнээс бүтсэн нь уг амин дэмийг идсэн бүхнээсээ авч болно гэсэнтэй дүйцнэ.
В9 амин дэм буюу фоллацин
Энэ амин дэм нь хүний биеийн эд, эс дотор нийлэгшин оршиж байдаг бүх төрлийн амин болон нуклейны хүчлүүдийн үүсэх, нийлэгших урвалд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд нээжээ. В9 амин дэм цус төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд уг амин дэм дутагдсанаас цус багадах эмгэг үүсэх аюултай. Хүний биед цус нөхөн төлжихөд амин дэм В12 чухал үүрэгтэйг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл В9 амин дэм нь В12 амин дэмийн шимэгдэх, эд, эсэд шингэх явцыг идэвхжүүлдэг онцлогтой. Эмнэлэгт нэлээд өргөн хэрэглэгддэг фолийн хүчил нь В9 амин дэмийн бүлэгт хамаардаг. Фолийн хүчил дутагдсанаас ходоодны хүчил дэх давсны хүчлийн хэмжээ алдагдаж, өтгөн хатах, эсвэл гүйлгэх шинжүүд гарч улмаар ходоодны шархлаа үүсэхэд ч нөлөөлж болох талтай. В9 амин дэм нь ургамал, амьтны гаралтай бараг бүх бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг учир тасралтгүй авч байх боломжтой.
В12 амин дэм цус багадалтаас сэргийлнэ
В12 амин дэмийг эмнэлгийн нэршлээр цианкобаламин гэдэг. Товчдоо бол цус төлжилтийн процесст гол үүрэг гүйцэтгэдэг учир хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний нэг гэж үздэг. В12 амин дэмийг ихэвчлэн тариа хэлбэрээр үйлдвэрлэхээс гадна бусад амин дэмүүдтэй хавсарсан.
Индэмийг эмнэлгийн нэршлээр цианкобаламин гэдэг. Товчоо бол цус төлжилтийн явцад гол үүрэг гүйцэтгэдэг учир хамгийн өргөн хэрэглэгддэг эмийн тоонд ордог юм. Ихэвчлэн тариа хэлбэрээр хэрэглэх ба бусад амин дэм, цус төлжүүлэх эмүүдтэй хавсран хэрэглэвэл үр дүн нь сайн. В12 хүний биед хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээр дамжин орох ба биед нэвтэрсэн хойноо бусад амин дэм, ферментүүдтэй нэгдэн урвал явагдаж хүнд шаардлагатай хүчин зүйлсийг үүсгэх ба голчлон цус төлжилтөнд нөлөөлдөг гэж ойлгож болно. Энэ амин дэм олон төрлийн хүнсэнд байх боловч амьтны элгэнд түлхүү агуулагдана. Үхрийн элгэнд илүү байдаг нь тогтоогдсон. Ялангуяа шүүрхий элгэнд илүүтэй бий. Судалгаагаар төрөл бүрийн шимэгч хорхой, нянгуудаар үүсгэгдсэн өвчний үед В12 амин дэм ихээр дутагддаг бөгөөд шалтгаан нь тэдгээр шимэгч нянгууд уг амин дэмийг тэжээл болгон устгаж байдагтай холбоотой. Тиймээс гэдэсний цагаан хорхой, туузан хорхой, бэтэг зэрэг шимэгч нянгаас үүдэлтэй өвчнүүд, сүрьеэ, хавдар зэрэг хүнд өвчний үед В12 амин дэм багасдаг учир цус багадах шинжүүд илүүтэй ажиглагддаг. Тэрчлэн зарим төрлийн антибиотик эмийг хэтрүүлэн хэрэглэх нь ганц В12 ч биш бусад амин дэмүүдийн нийлэгшилтийг зогсоож, өвчин эсэргүүцэх чадварыг сулруулан, эмчлэхэд төвөгтэй эмгэг үүсгэдэг. Амин дэм дутагдах эмгэгийг “авитаминоз” хэмээн нэрлэх ба нарийн шинжилгээ хийж ямар амин дэм түлхүү дутагдсаныг тогтоосны дараа эмчлэх хэрэгтэй болдог юм. Сүүлийн үед манай охид, бүсгүйчүүд жингээ барих зорилгоор хоол, ундаа хэт сойж тураалд орох тохиолдол цөөнгүй гарах болсон. Хоол ундаа бага зэрэг сойх нь эрүүл мэндэд тустай. Бас зарим өвчний эмчилгээний нэг хэсэг болдог ч нэг төрлийн хүнсийг тогтмол хэрэглээд байвал амин дэмийн хомсдолд оруулж эргэж сэргэхгүй эмгэг болж хувирдаг. Тиймээс цус төлжүүлдэг гээд В12 амин дэмийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэсэн үг. Бас энэ амин дэм агуулсан хүнс огт хэрэглэхгүй байж ч болохгүй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
В бүлгийн амин дэм | ||
Үзсэн: 15574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.