Шууд Chart

Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав

2015-04-09 13:47:10

“Эрүүл амьдралын гараа-Бие бялдрын сорил”-ыг орон даяар сурталчлах бүх нийтийн аянд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулах уриалга гарсан. Уриалгын дагуу 3-64 насныхны бие бялдраа хянах үйл ажиллагаа тогтмол хийгддэг болоод байна.

Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын арга хэмжээг  Эрүүл мэнд, спортын яамны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс орон даяар нэг сарын хугацаанд зохион байгуулдаг. Тэд энэ жилийн сорилд иргэн бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хамтран ажиллахыг чухалчилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчидтэй Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар,   ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг нарын албаны хүмүүс уулзав. Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатар уулзалтын эхэнд, “Өнгөрсөн онд энэхүү сорилд 300 орчим мянган хүн хамрагдсан. Тэдний 70 хувь хангалттай дүн үзүүлсэн.

Харин 30 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байгаа юм. Монгол Улсын нийт иргэдийн арван хувийг бид сорилд хамруулаад байна. Цаашид энэ хэмжээг 20 хувь болгохоор төлөвлөсөн. Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо нэн чухал. Та бүхэн бүх нийтийн эрүүл мэндийн төлөө бидэнтэй нэгдэж, хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, спортын сэтгүүлчид ч эл арга хэмжээнд ач холбогдол өгч  цаашид мэдээ мэдээллээр ханган дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэд хүний бие бялдрын үндсэн таван чанар болох хурд, хүч, уян хатан, тэнцвэр, тэсвэрийн үзүүлэлтэд тулгуурласан сорилыг өгч, өөрсдийн бие бялдрын түвшингээ тогтоолгов.

ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв энэ сарын 13-наас тавдугаар сарын 16-ны хооронд Биеийн тамир, спортын салбарын бүсчилсэн сургалтыг нийт дөрвөн бүст хувааж орон даяар зохион байгуулах юм. Эхний сургалт энэ сарын 13-15-ны хооронд Говь-Алтай аймагт болох аж.










Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав  
Үзсэн: 3443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй