Шууд Chart

Уулын хавар

2015-04-10 11:04:00

Өвөлжөөний дээврийн цас хайлан урсаж, өтөг бууцтай нийлэхтэй зэрэгтэй нэг тийм содон зөөлөн үнэр үнэртэж дурсамж сэрээнэ.

Уулын сүүдэрт цайрах өвлийн хэлтэрхийнүүд аль нэг орны газрын зураг шиг үзэгдэнэ. Харин Мөнх цаст Цамбагарав хайрхан минь цагийн цагт үүл яран дүнхийнэ. Өглөө, оройд ишиг, хурга тэврэн гэрээс гарч майлан гүйлдэх эхэд нь тавина.

Жижигхэн сүүлээ годгонуулан эхээ нудрах нялх ишиг халуун сүүгээ амсаад баярласандаа мөөмөө алдаж тонгочно. Бас нэг нялх амьтан амгайгаа зажлан толгойгоо гилжийлгэн зогсоно. Энэ бол хангал сарваа даага билээ. Зун нутаг өөд нүүхээр дийлдэхгүй амьтан болно гэж жаахан чадал багатай дээр хазаар, тохомонд дасгаж авдагсан. Бага байхад хаврын урт өдөр ээжийн хайрсан боорцгийг зөөж идэх ямар амттай билээ дээ. Хаврын хаварт л амтагдах шиг болох юм. Өнөөх Цагаан сарын “үлдэгдэл” болох шар тостой хатсан хэвийн боовгүйгээр хаврыг төсөөлөхөд ч бэрх шүү дээ. Ирж яваа цаг цаанаа л сайхан. Мал төллөх үеэр бол сурагчид амарна. Харин буцаад хичээл орохоор хагас бүтэн сайн өдрөөр ах минь хөтөлгөө морьтой ирж авна.

Өвөлжин тэжээсэн шар хээр морины үс дээлийн хаа сайгүйнаалджээ. Шар үсээ хаяж байгаа нь энэ. Үлгэр шиг урт өдөр зүйрмэглээд босоход зөөлөн салхи сэтгэлрүү минь нэвт үлээнэ. Гэрийн хаяагаар ганц хар хорхой амь орон гүйж явахыг анзаарах цаг дор бүхий л зүйл амилсныг санагдуулна. Гол усан цөнгөө түрэн хахах, мөс цүлхийн унах чимээ нь холоос ирсэн аянчин шувуудыг үргээж хойд гол маань шөнөжин дуулж буй найрчид шиг урсгалаа чимнэ. Адуу хураахаар мордоход хоёр лам шувуу бие биеэ дэрлэн унтах нь хорвоогийн хөг айзмыг мэдрүүлнэ.

Мөдхөн нөгөө л ямаа самнах ажил эхэлж, айл айлын саравчны дор ганц нэг эр ямаа зулгаан орилуулна. Чадлаараа л хэн, хэнээ зав гарган айл хотлоороо орж ямааг нь самналцаж өгнө. Бас нэг “жижигхэн эр” өөртөө тохирсон жижигхэн орос төмөр самаар ямаагаа самнана. Нялх ногооны амт, ааг хөөн идээшлэх хонин сүрэг гэнэтхэн босоод арилах хуй салхинаас үүргэн тургилалдан хошуурна. Ийм их хүч чадал, сонор соргогийг бэлэглэн ирэх хавар цаг дор ямар ч хүмүүн уяран хайлах ажээ. Хол явсан амрагаа нууцхан харуулдах залуухан охины харц гүн цэнхэр өнгөтэй, газар түрэн ургах нялх цэцгийн үнэр л ийн санагдуулах ажаам. Цайнд дэвтээсэн ганц зүсэм зөөлөн баяслаг, түүний шүүсийг залгилан эмээдээ эрхлэх минь хүртэл олон хаврын дурсамж юм сан уу. Жилийн жилд амбаарын шувуун нуруунаас өлгийтэй байдаг хурганы уут хүртэл өнгө орчихсон байна.

Жороо алаг морьтой өвгөн халамцуухан ирээд удаан гэгч үүрэглэж суугаад буцахад нөгөө ганганаад байсан шувууд буцчихсан юм шиг анир үгүй. Алсын хөх уулсын бэлээр цоохортох цас ч хайлж машины зам цайран зурайх нь нутгаас минь алс одоод эргэж ирээгүй хэн нэгнийг санагдуулна. Харганы толгойг чихэр шиг идэж байгаа мэт хээв нэг зажлан зогсох том, том хүрэн тэмээдийн дотор үлгэрт гардаг өнчин цагаан ботго унтаж байна.

Банхар маань ноосоо чирэн саасаганаж, түүнийг дүү минь хүзүүнээс нь уяагаар оосорлон мордож, чирэгдэж, чирж тоглоно. Аав түүнийг харсан бол ч гэсэн бодол төрсөн ч өөрийгөө тийнхүү тоглож өссөнийг санан сэтгэл зөөлөрнө. Энэ ирж байгаа шувууд залуу насыг минь хаа нэгэн тийш зөөгөөд байна уу гэмээр алсын алсаас ганганалдан ирнэ. Ээж маань аавд борцтой шөл аягалангаа намайг юунаас ч юм өмөөрөн эрхлүүлнэ. Эрхлэх бүртээ би тэнэг юм шиг л нялхран маяглана. Ай хавар цагийн тэнгэр дор хүмүүн гэгч яасан нялхамсуу вэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Уулын хавар  
Үзсэн: 5167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй