Шууд Chart

Амин дэм буюу витамины тухай

2015-04-13 10:44:59

Витамин гэхээр хэн хүнгүй л бие эрхтэнд тустай нэгэн төрлийн эм л гэж ойлгодог. Монголоор амин дэм гэнэ. Аливаа амьд бие махбодийн дотор янз бүрийн хэмжээ, хэлбэртэй агуулагдан эд эрхтэний хэвийн үйл ажиллагааг тэтгэгч биологийн идэвхит бодисыг амин дэм гэнэ. 1880-аад оны үед Оросын эрдэмтэн Н.И.Лунин хүн, амьтны хэрэглэж буй хүнс тэжээлийн дотор уураг, өөх, тос, нүүрс ус, эрдэс зэргээс гадна өөр чухал бодис байна гэсэн таамаглал дэвшүүлсэн нь амин дэмийг нээх эхлэл болсон гэж үздэг. Амин дэмийн дутагдал хамгийн их илэрдэг хүмүүс бол далайчид байв. Тэд олон сараар тэнгис, далайд аялаж шинэ мах, ногоо зэрэг хүнсний зүйлээр дутагддаг учир цинга буюу хөх гуялах өвчнөөр нас барах нь элбэг байж. Бас шоронгийн хоригдлуудын дунд ч ийм төрлийн өвчин түгээмэл гарна. Уг өвчнүүд амин дэмийн дутагдлаас үүдэлтэй болохыг эрдэмтэд Лунины таамаглалаас нэлээд хожуу олж тогтоожээ. Ийнхүү өдгөө арваад төрлийн амин дэм эмнэлгийн практикт өргөн хэрэглэгдэж байна. Амин дэм дангаараа бие махбодийн хэрэгцээг хангадаггүй. Харин хүнс тэжээлээр дамжин хүн, амьтны биед орсны дараа бодисын солилцоог хурдасгагч, химийн урвалыг идэвхжүүлэгч ферментүүдийг бий болгох чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, амин дэмгүйгээр амьд организм оршин тогтнож чадахгүй гэж ойлгоход болно.

Шаардлагатай амин дэм дутагдах аваас биеийн эсэргүүцэл мэдэгдэхүйц суларч, өвчин эмгэгт автах бөгөөд улмаар амин дэмгүйдэл гэх хүнд эмгэгийн улмаас хорвоог орхих эрсдэлтэй. Товчдоо бол амин дэм бүр өөр өөрийн онцлог бүхий эмгэгийг бий болгодог. Жишээ нь, С амин дэм дутагдахад чийг бамаар өвчилдөг бол А амин дэм дутагдвал нүдний хараа муудах гэхчлэн. Амин дэмийг латин цагаан үсгийн дарааллаар А, В, С, Д, Е, Р хэмээн ерөнхийд нь нэрлэх боловч химийн найрлагаас нь хамааран аскорбины, никотины, пантений гэхчлэн нэрлэх болжээ. Тэрчлэн усанд уусдаг, тосонд уусдаг, амин дэм төст гэж ангилдаг. Өөр нэг анхаарууштай зүйл бол эм байдлаар хэрэглэж буйгаас гадна хүнс тэжээлээр дамжин биед орж буй амин дэмийн үйлчилгээг сулруулах, бүр байхгүй болгох эсрэг бодисууд оршин байдаг. Амин дэмийн эсрэг нөлөөт бодис гэдэгт юуны түрүүн тамхи орох бөгөөд хүчтэй үйлчилгээ бүхий эмүүд, тэр дотроо антибиотикуудыг нэрлэж болно. Иймээс ямар төрлийн эмтэй амин дэм эмчилгээ хослон хэрэглэх болон эсвэл цагийг нь хэрхэн зөрүүлэх зэргийг эмч нар зохицуулдаг. Гол элдэв төрлийн хүчтэй эм, антибиотикийг эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх нь таны биед хоол хүнсээр дамжин орж буй чухал амин дэмүүдийн хүчийг сулруулах, дутагдалд оруулах аюултайг, архаг хууч өвчнийг сэдрээх, халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх аюултайг санаж байхад илүүдэхгүй. Амин дэмүүд ч гэсэн химийн найрлага, хольцгүй боловч эмчийн зааваргүй дур мэдэн ихээр хэрэглэвэл өвчин үүсгэх эрсдэлтэй. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос  
 


Амин дэм буюу витамины тухай  
Үзсэн: 6857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй