Шууд Chart

Гахайн хавдар

2015-04-14 10:38:21

Нэлээд элбэг тохиолддог агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин бол гахайн хавдар. Ихэвчлэн 3-15 насны хүүхдүүд өвддөг боловч цөөнгүй тохиолдолд өмнө нь гахайн хавдраар өвчилж байгаагүй насанд хүрэгчид өвдөх нь бий. Уг өвчнөөр өвчилсний дараа насан туршид нь дархлаа тогтох учир дахин өвчилдөггүй. Өвчин үүсгэгч вирус өвчтэй хүнд хадгалагдан тархдаг бол бусад үед хаа нэгтээ тааламжтай нөхцөлийг хүлээн хоргодож байдаг гэж ойлгож болно. Вирус хүний биед амьсгалын замаар дамжин нэвтрэх ба салстаас цусанд орж тархан булчирхай бүхий газруудад тогтон үрждэг. Хамгийн түрүүнд илрэх шинж нь чихний доод талын булчирхай томордог учир өвчтэй хүүхэд гахайтай төстэй харагддагаас ийн нэрлэх болжээ. Хүүхэд олноор бөөгнөрсөн газар буюу цэцэрлэг, сургуулийн нэг сурагч өвчилсөн бол тоглоом, бие засах өрөөний гоожуур, дамжуулан хэрэглэж болох ахуйн бусад зүйлсээр маш түргэн тархдаг. Ялангуяа ханиах, найтаах, нус цэрээ ил задгай хаясан тохиолдолд бүр ч осолтой. Өвчний вирус чихний доод булчирхайгаас гадна эрэгтэй хүүхдийн төмсөг, эмэгтэй хүүхдийн хөх, өндгөвч, нойр булчирхайг гэмтээх хандлагатай байдаг. Гахайн хавдрыг сайн эмчлүүлэхгүй аваас эрэгтэй хүүхдийн үр боловсруулах ажиллагаа гэмтэж, хожим үр тогтоох чадваргүй болох аюултай. Өвчний далд үе 18-20 хоног байх учир анзаарагдалгүй халдвар тарахаас гадна, илрэхдээ нэлээд хүндэрсэн байх нь ажиглагддаг. Эхэндээ хүүхдийн бие чилээрхэж, халууран, хоол ундандаа дургүй болох, зарим үед огиулж бөөлжих, хамраас цус гарах зэрэг шинж илэрдэг.

Сайн үзвэл хоёр чихний доод талд хөндүүрлэх ба удалгүй хавддаг. Эхэндээ нэг чихний ард хөндүүрлэж байснаа доод, урд талд хавдана. Дараа нь эсвэл зэрэг ч байж магадгүй хоёр чихийг хамардаг. Хавдраас болоод ам бүтэн онгойхгүй болох учир юм идэхэд төвөгтэй. Ерөнхийдөө өвчин дунджаар 10 орчим хоног үргэлжлээд аажмаар хавдар нь бууж илааршина. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Ялангуяа эрэгтэй хүүхдийн аль нэг талын төмсөг хөндүүрлэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Эмэгтэй хүүхдэд ч гэсэн хөх нь хөндүүрлэн хавдах юм уу хэвлийн доод хэсгээр өвдөж байна гэсэн зовиуртай бол эмчид үзүүлж дараагийн шатны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гахайн хавдар далд үеийн эхний хоногуудад халдваргүй байх боловч өвчний эхний шинж тэмдэг илрэхийн урдханаас халдвар тараагч болж энэ байдал 10 орчим хоног үргэлжилдэг. Тиймээс өвчин гарсан тохиолдолд хөл хорио тогтоож, өвчтэй хүүхдийг тусгаарлан, хөнгөвтөр бол гэрт нь, хүндрэлийн шинж илэрвэл эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Гахайн хадвар хэдийгээр хөнгөн өвчлөөд эдгэрдэг ч хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан тархинд нөлөөлж, уналт таталт өгөх төдийгүй менингит болох, хараа, сонсгол муудах, бөөрний дутагдалд оруулах нь бий учир эмчилгээг төгс хийлгэх нь чухал. Хөнгөвтөр туссан гэж эмч үзсэн тохиолдолд гэрээр эмчилнэ. Гол нь хэвтрийн дэглэм сахиулж, шим тэжээл, амин дэм сайтай хоол өгөх, шингэн юм сайн уулгах нь чухал. Халдвар тараахаас сэргийлж амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Содатай, эсвэл бага зэрэг давстай бүлээн усаар амыг нь ойр ойрхон зайлуулна. Чихний хавдсан хэсэгт спиртээр чийглэсэн хөвөн, самбай тавьж гадуур нь шингэн  нэвтрэхгүй цаасаар хамгаалах боолт хийх хэрэгтэй. С амин дэм болон чацарганы шүүс, нохойн хошууны ханд, мойлны хатаамал буцалгаж өгвөл үр дүнтэй. Бага насны хүүхдийн халууныг яаран буулгах гэсний хэрэггүй. Гэхдээ 40 хэм хүрээд байвал халуун бууруулах эм өгч болно. Насанд хүрэгсэд гахайн хавдраар өвчилсөн бол эмчид хандах нь зүйтэй. Хүндрэл өгч болзошгүй. Өвчилсний дараа дархлаа тогтох учир цаашид санаа зоволтгүй. Гахайн хавдраас сэргийлэх вакцин байдаг боловч манай улсын хувьд өргөн хэрэглэгдээгүй байна.  

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос  
 


Гахайн хавдар  
Үзсэн: 24430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-24 21:47
Хэдэн оноос Гахайн хавдрын вакциныг хийж эхлэсэн бэ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 21:02
Яг эхний шинж тэмдэг н чихни доод талин урд хэсэгт хавдд бга юм юм шг энэ н яг юу юм бол
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2015-04-14 11:04
Odoo neg ih havdahgui hernee huuhed dulii bolgoj bgaa shdee. Ta nar yamar hor urshig ih uusej bn eh nyalhasaas yadaj asuugaad postlooch!

Бидэнтэй нэгдээрэй