
Цусны олон төрлийн өвчин байдгийн нэг нь цус бүлэгнэх явц удааширсан буюу огт бүлэгнэхгүй байх шинжээр илэрдэг өвчнийг гемофили гэж нэрлэнэ. Энэ эмгэг өвчтэй эрэгтэй хүнээс хоёр дахь үеийн эрэгтэй хүүхдэд удамшин дамждаг. Өөрөөр хэлбэл, гемофили өвчтэй эцгээс төрсөн охин өөрөө өвчлөхгүй боловч уг өвчнийг дамжуулагч болдог гэсэн үг. Харин гемофили өвчтэй эцгээс төрсөн эрэгтэй хүүхдэд өвчин дамжихгүй. Ийнхүү уг өвчин охинд, охиноос ач хүүд гэх байдлаар цааш удамшина. Удамшлын энэ эмгэг харьцангуй эрт илэрдэг. Гэхдээ тухайн хүүхдийн биеийн онцлог, эмгэгийн удамшсан байдал зэргээс хамааран хожуу илрэх нь ч бий. Илэрч гарах үндсэн шинж тэмдэг нь ялимгүй гэмтэх төдийд арьсан дор цус хурж хөхөрдөг. Бага насны хүүхдийг гар, хөлөөс нь чангахан атгах төдийд хөхрөх ба ийм хөхрөлт байнга хөдөлгөөнтэй үе мөчнүүдэд илүү илэрдэг. Том хүнд ч ялгаагүй өвдөг, тохой зэрэг том үеүдэд цус хурж аажимдаа үе мөч өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах нь бий. Хүүхдийн биед энэ тэндээ хөхрөлт үүсээд байвал эмчид хандах хэрэгтэй. Хэдий чинээ эрт оношлуулах аваас эмчилгээний үр дүн сайн байдаг. Цусны өвчтэй хүүхэд, том хүн аль нь боловч бэртэж гэмтэхээс сэргийлж, биеэ чийрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэхдээ биеийн тамирын хүнд дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Арьс салст гэмтсэн үед амархан цус гоожих ба гарсан цус бүлэгнэхгүй удаан гоожиж улмаас цус багадах аюултай. Ялангуяа шүд авахуулсны дараа цус тогтохгүй гоожих нь элбэг. Тэрчлэн мэс заслын эмчилгээ хийлгэх тохиолдолд цус бүлэгнэлтийг дэмжих эмчилгээ урьдчилан хийж байж мэс ажилбартаа ордог.
Мэс заслын дараа ч уг эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болдог. Гемофили өвчтэй хүнийг эмчийн байнгын хяналтанд авч тогтмол шинжилгээнд хамруулж байх шаардлагатай бөгөөд цус бүлэгнэлтийг сайжруулах эм тариа байнга хэрэглэх, үе үе донорын цус сэлбэх зэрэг эмчилгээ хийдэг. Эмчилгээний үр дүн сайн биш бол мэс заслын эмчилгээ хийх нь үр дүнтэй учир сүүлийн үед ийм төрлийн эмчилгээг сонгох нь олширсон. Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбар үр дүнтэй. Харамсалтай нь энэ мэс ажилбарыг сонгох бол адил бүлгийн цустай донор олохоос эхлээд үнэ өртөг өндөр байх тул хүн бүр сонгоод байхад бэрхшээлтэй. Өвчин хөнгөвтөр хэлбэрээр илэрч буй тохиолдолд эрүүл донорын цуснаас цус бүлэгнэлтэнд нөлөөлдөг, түүнийг зохицуулдаг факторыг нь ялган авч сэлбэх эмчилгээ хийдэг. Ерөнхийдөө удамшлыг өвчнүүд эдгэрдэггүй гэсэн ойлголт өдгөө хуучирсан. Цусны төрөлхийн эмгэгүүдийн дотор гемофили цөөнгүй тохиолддог хэдий ч хүнд хэлбэрийн өвчин биш гэж үзэх талтай. Цусны ихэнх өвчнүүд адил төстэй шинж тэмдгүүдээр илрэх нь бий учир мэргэжлийн эмчид үзүүлж ялган оношлуулах хэрэгтэй. Цусны төрөлхийн өвчтэй хүүхдийн бие аажим аажмаар муудаж, байнгын асрамж сувилгаа, хараа хяналт шаардах бөгөөд хэрэглэх эм тариа нь ховор, гадны улс орноос өндөр үнээр авчирдаг гээд бэрхшээл олон. Урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал. Зарим улс оронд гемофили өвчтэй хүүхэд төрсөн тохиолдолд хяналтанд авч уг хүний охиноос эрэгтэй хүүхэд төрүүлэхгүй байх арга хэмжээ ч авах нь бий. Сүүлийн үед генийн оношлогооны хэлбэрүүд нэвтэрч удамшлын өвчнийг эрт оношлох, генийн түвшинд эмчлэх арга нэвтэрч эхэлж буй нь удамшлын цөөнгүй эмгэгийг анагаах ач холбогдолтой юм. Удамшлын цөөнгүй эмгэг агаар, орчны бохирдол, архи, тамхинаас үүдэлтэй байдгийг анхаарахад илүүдэхгүй. Уул уурхайн салбарт хэрэглэгдэж буй хортой бодисуудыг зохих журмын дагуу хадгалж, хамгаалж, устгаж байхгүй бол удамшлын эмгэгүүд нэмэгдэх аюул дагуулдаг. Урьдчилан сэргийлэх үндсэн арга нь хувь хүний гэхээсээ илүү төрийн бодлогоор хийгдэх учиртай.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Гемофили буюу цусны өвчин | ||
Үзсэн: 18259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.