Шууд Chart

Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангинатах

2015-04-21 09:58:48

Хүний аман дотор буюу залгиурын хоёр хажууд байрлах булчирхайг гүйлсэн булчирхай гэнэ. Уг булчирхай үрэвсэж өвчлөхийг ангинатах, заримдаа хоолойнд мах ургах гэж нэрлэх нь бий. Өвчлөөгүй үед юу ч мэдэгдэхгүй байснаа халдвар орж үрэвссэн үед залгиурын хоёр тал уг хэсэгтээ улайж хавагнан, хоёр талын хананд төмбийсэн хавдар үүсдэг болохоор мах ургалаа гэх нэр гарсан байх. Хоолойны махыг мухар олгойн адил илүүдэл эрхтэн гэж үзээд өвчлөөгүй байхад нь авдаг байсан үе бий. Гэтэл гүйлсэн булчирхай нь хүний, тэр дотроо хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий чухал эрхтэн болох нь батлагдсан юм. Энэ булчирхайгаас ялгаран гарах бодис нь биеийн эсэргүүцэл, дархлаажуулалтанд онцгой нөлөөлдөг. Харин нас бие гүйцсэний дараа үүрэг нь бусад эрхтэн, булчирхайд шилжих тул аажмаар хатаж агшдаг. Ойролцоогоор 25 нас орчимд булчирхай бүрэн хатах ёстой. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуус ангинатаад байдаг нь үүнтэй холбоотой. Олон шалтгаанаас ангинатах боловч гол нь шүд хорхойтох, биеийн эсэргүүцэл суларсан үед халуун, хүйтэн хүнс /ундаа/ гэнэт уух, даарч хөрөх, бусад хүнээс халдвар авах зэрэг тохиолдолд булчирхай үрэвсэн улайна. Улмаар шүлс залгихад хөндүүрлэж, халууран өвчний 2-3 дахь долоо хоногт халуун 40 хэм гартлаа нэмэгдэж хөлрөн, залгиурын хоёр тал идээлдэг. Юм идэх, шингэн ууж чадахгүй болтлоо томрох ч бий. Үүнээс болоод хордлогод орж бусад хүндрэл өгөх талтай. Нэг ангинатсан хүүхэд дахин дахин өвчлөөд байдаг болохоор эцэг, эх нь тоохгүй, өвдсөн үед нь марганцтай юм уу, содатай усаар зайлах, парацитамол, фарингосефт уулгах төдийгөөр түр намжаасаар архагшуулдаг гэмтэй. Эмч нар ангиныг бүх өвчний эхлэл, гол уурхай гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Ялангуяа бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн умай, өндгөвчний үрэвслийн шалтгаан ангина болох нь элбэг.

Тэрчлэн манайхны хэлж заншсанаар ангина үе мөчиндөө орох эмгэг хамгийн ноцтой хүндрэл мөн. Олон дахин ангинатсанаас түүнийг үүсгэгч бичил биет үений холбогч эдийг хамгийн түрүүнд гэмтээдэг. Ингээд үе мөч өвдөх, хавдах, хөдөлгөөн нь хязгаарлагдах зэргээр илэрч улмаас мөч тахийж мурийн суумгай болгох хүртлээ хүндэрнэ. Ревматизм гэж эмнэлгийн хэлээр нэрлэдэг. Ревматизм зүрхийг барьж өвчлүүлэх нь элбэг бөгөөд энэ тохиолдолд ревмокардит гэх бие даасан хүнд эмгэг болдог юм. Ангиныг тухайн үед нь сайн, төгс эмчлүүлэхгүй бол эцэстээ эдгэшгүй хүндээр өвчлөх аюултай болохыг мартаж боломгүй. Гол нь хүүхдээ хэвлийд байхаас нь чийрэгжүүлэх, дархлааг нь сайжруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, улмаар амин дэмийн дутагдалд оруулахгүй байх нь чухал. Хүүхдийг багаас нь хэт бэгнэхгүй байж, агаар салхинд гаргах, наранд шарах, илчлэг сайтай хоол хүнс өгөх зэрэг нь хоолойн өвчнөөс сэргийлэх үндсэн хэлбэр мөн. Өвдсөн даруй авахуулах гэж яарсны хэрэггүй. Учир нь 25 хүртэлх насанд энэ булчирхай халдвараас хамгаалах, халдвар орсныг мэдээлэх чухал үүрэгтэй болохоор тэр. Өвчин хурц эхэлж, идээлсэн тэр даруйд эрхий хурууны дотор тал, хумс арьсны орчимд зүү тавих эмчилгээ үр дүнтэй. Ихэнхдээ “Өргөс авсан” мэт илааршуулдаг. Ийм боломжгүй /мэргэжлийн эмчид хандаагүй/ тохиолдолд марганц, содатай бүлээн усаар зайлах, хуурай эм цацах, халуун намжаах эм, серполет уулгах зэргээр эмчилнэ. Эдгээр нь тухайн үед нь үрэвслийг дараад орхих тул мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хоолойн мах авах мэс заслын эмчилгээ сайн үр дүнтэй ч цөөнгүй тохиолдолд хоолой өвддөг хэвээр үлдэх нь ажиглагддаг. Хоолойн өвчин үе, мөчинд, зүрхэнд нөлөөлөхөөс найдвартай хамгаалах үндсэн арга бол биеийн тамир. Өглөө бүр эрүүл агаарт алхах, хөнгөн гүйх, хүнд биш хөдөлгөөний дасгалууд ач холбогдолтой. 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос   
 


Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангинатах   
Үзсэн: 20344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2017-05-06 20:34
3Сартай юмаа
Зочин [112.72.11.xxx] 2017-05-06 20:33
Жирэмсэн хүн юу хэрэглэх вэ хоолой боох гэд бнах

Бидэнтэй нэгдээрэй