
Давсаг гэж шээс хуримтлуулах үүрэг бүхий булчинлаг, хагас зууван хэлбэртэй эрхтэнг хэлдэг. 400 мл багтаамжтай. Хэвийн нөхцөлд том хүн хоногт дунджаар 4-6 удаа шээх ёстой. Гэхдээ шингэн зүйл их уусан тохиолдолд арай олон шээх нь бий. Давсагт гадны халдвар орон үрэвсүүлэхийг цистит гэнэ. Энэ эмгэг эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд харьцангуй элбэг тохиолддог. Цистит хөдлөөд хэмээн ойр ойрхон бие засах газар руу гүйгээд байдаг шүү дээ. Зөвхөн олон шээгээд зогсохгүй хэвлийн доод хэсгээр өвдөж, шээх үед хорсож зовиурлах учир хүүхдүүдэд илүү шаналгаатай байдаг. Энэ эмгэг хэд хоногийн дараа илааршдаг болохоор хүмүүс төгс эмчилгээ хийлгэхгүй архагшуулах нь элбэг. Цистит хэд хэдэн хэлбэрээр илрэх ба хүндрэл нь ч өөр өөр байдаг. Хурц хэлбэрээр илрээд эмчилгээний үр дүнд бүрэн эдгэрдэг байхад заримдаа шээс цусархаг гарах, идээрхэг болж хувирах төдийгүй улмаар давсаг, шээсний замыг шархлуулан хүндрэх хэлбэр ч бий. Хоолойны өвчин /ангина/, шүд хорхойтох зэрэг нь циститээр өвчлөх гол шалтгаан гэж үздэг ч даарах, халуун ногоо их хэрэглэх, архи, согтууруулах ундаа байнга уух, гэмтэл зэрэг шалтгаанаар давсаг үрэвсэх нь цөөнгүй. Ялангуяа бүсгүйчүүд дулаан өмд, оймс өмсөхгүй явснаас хавар, намрын улиралд циститээр өвчлөх нь түлхүү. “Ганган хүний үхэл хавар, намар” гэх зүйрлэл ч үүнээс улбаатай. Ерөнхийдөө ойр ойрхон шээс хүрэх байдлаар илэрдэг ба тэр даруйд нь эмчид үзүүлэн намжаахгүй бол шээх болгонд хорсож, хатгуулж өвдөн, халуурах, бие сулрах байдлаар даамжирна. Шээс хүрээд байгаа мөртлөө олигтой гарахгүй хий дүлүүлнэ.
Шээсний дараа ч шээс хүрсэн хэвээр байх тул маш зовиуртай. Эмчид үзүүлэх боломжгүй тохиолдолд хэвтрийн дэглэм сахиж, давсаг орчмоо бүлээн жин тавих хэрэгтэй. Шингэн сайн ууж хордлогоос сэргийлэх ба амин дэм, илчлэг сайтай хоол идэх, архи дарс, халуун ногоо, нөөшилсөн хүнс хэрэглэхгүй байх нь зүйтэй. Бүлээсгэсэн сүү, жимсний шүүс, цагаан идээ хэрэглэх нь тустай. Өвчин намдаах, үрэвсэл дарах эм ууж болно. Марганцтай бүлээн усанд 5-10 минут сууж, бие зассаны дараа бэлэг эрхтэн орчмоо угаах нь халдвар цааш даамжрахаас сэргийлнэ. Хүүхдийн дотуур өмдийг ойр ойрхон сольж, бие засах өрөө, хөтөвчийг нь ариутгасан уусмалаар угааж цэвэрлэнэ. Ямар ч тохиолдолд эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэн цистит үүссэн шалтгааныг тогтоолгох нь чухал. Циститээр дахин дахин өвчилдөг хүмүүст бөөрний эмгэг илрэх нь цөөнгүй байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалаад бөөр, шээсний замын өвчин их элбэг. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх үндсэн арга нь хүүхдээ биеийн тамир спортоор хичээллүүлж, биеийг нь чийрэгжүүлэх, хоол хүнсээ тохируулан хэрэглэж сургах нь зүйтэй. Цистит бусад өвчний хүндрэл болон илрэх нь бий. Тухайлбал, янз бүрийн шалтгаанаар шээс хаагдах үед гуурсаар шээсийг нь суллах ба давсаг руу шууд хатгалт хийн авах нь эмчилгээний нэг төрөл мөн. Энэ ажилбарыг дахин дахин хийх явцад халдвар хамгааллын дэглэм алдагдсантай голдуу холбоотой давсганд халдвар орж үрэвсүүлдэг. Ямар ч тохиолдолд эмнэлэгт хандах нь илүү найдвартай. Памперс хэрэглэх болсноор эцэг, эхчүүдийн ажил их хөнгөрсөн сайн талтай ч, тухай бүрт нь солихгүй залхуурснаас арьсыг цочроож, үрэвсүүлэх нь бий. Тэрчлэн сайн чанарын памперс сонгон хэрэглэх нь чухал. Памперс байнга хэрэглэж байсан хүүхэд ухаан гүйцэт суух хүртлээ өмдөндөө шээгээд байх нь ажиглагддаг. Энэ үед өмдийг нь сольж, угааж байхгүй бол циститээр өвчлөх магадлалтай. Ер нь эмэгтэй хүүхдийн дотуур өмдийг өдөр бүр солиулж хэвшүүлэх нь зөвхөн цистит ч биш бусад эмгэгээс сэргийлэх онцгой ач холбогдолтойг мартаж болохгүй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Давсагны үрэвсэл буюу цистит | ||
Үзсэн: 30377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.