
Эх орны их дайны эхний жилүүдэд Монгол Улс дайн бүхий байдалд байсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын цорын ганц үнэнч холбоотон байсан юм.
Ийм ч учраас Монгол орон даяар Зөвлөлтийн ард түмнийг дэмжин туслах их кампанит ажил өрнөсөн бөгөөд энэхүү хөдөлгөөнөөр Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөний өрнөлтийн хоёр дахь үе эхэлсэн юм.
1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадрилийг худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулсан бөгөөд 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ.
“Монгол ард” эскадрилийн онгоцуудыг Зөвлөлтийн нэгэн нисэх онгоцны заводад үйлдвэрлэж дуусгасан бөгөөд фронтын цагийн байдлаас болж Монголын ард түмний төлөөлөгчид уг онгоцуудыг зөвлөлтийн нисэгчдэд биечлэн гардуулж өгч амжаагүй бөгөөд БНМАУ-ын Засгийн газартай тохиролцсон ёсоор байлдааны онгоцуудыг нисэхийн сөнөөгч онгоцны гвардын 2-р хороонд гардуулан өгөхийг Зөвлөлтийн армийн дээд командлалын мэдлийн нисэхийн сөнөөгч онгоцны 2-р корпусын командлалд даалгасан бөгөөд “Монгол ард” нисэх хүчний эскадриль болох (Ла-5) загварын байлдааны 12 онгоцноос бүрдсэн эскадрилийг 1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн Гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадриль»-ийг хүлээлгэн өгөх ёслол болсон юм.
“Монгол ард” эскадрилийн онгоцоор дайсны онгоцыг анх удаа сөнөөсөн баатарлаг дайчин бол 1943 оны 10.17 өдөр төрөн гарсан юм. Тухайн үед Гвардын 2-р хороо Демидов хотоос баруун тийш 8 км фронтын ойролцоо оргих Слобода гэдэг аэродромд шилжин байрласан бөгөөд байлдааны ажиллагаа түр зуур намжсан үе байсан бөгөөд голцуу агаарын жижүүрлэлт, агаарын тагнуул отох, өөрийн тагнуулын СУ-2 онгоцыг хамгаалан нисэх, дайсны хүчийг тагнан илрүүлэх үүрэг гүйцэтгэж байсан үе юм. Иймэрхүү ердийн нислэгт гвардичууд сэтгэл огтхон ч хандгүй байсан бөгөөд “Монгол ард” эскадрилийн дайчин алдрын дансны хуудсыг нээх юм гэдэг хүсэл хүн бүхний санаа бодлыг эзэмдэж байсан тэр үед ийм аз завшаан эскадрилийн орлогч дарга гвардийн ахлах дэслэгч ирээдүйн дивизийн орлогч дарга, хурандаа Николай Яковлевич Зеньковичид оногдсон юм. Тэрээр дайны бүх жилүүдэд нийт 237 удаа байлдааны нислэг хийж, 37 удаа агаарын тулалдаанд орж дайсны 11 онгоц усгасан байна. Тэрээр 8 одон, 11 медаль түүний дотроос БНМАУ-ын 2 одонгоор шагнагдсан юм.
1943.10.17-ны өдөр тэнгэр онцгой тунгалаг сайхан байв. Н.Я.Зенькович, залуу дагалдан нисгэгч Алеша Дмитриевскийн хамт ээлжит тагнуулд гарсан бөгөөд төдөлгүй тэд Хе-111 хэмээх нэг онгоцыг олж хараад түүнийг усгая гэж шийдээд Николай дайсны зүг хурдалсан бөгөөд Алеша ч ахлах нисэгчээс нэг ч метр хоцорсонгүй. Дайсантай хөөцөлдсөөр фронтоос 30 гаруй км өнгөрчээ. Яг энэ үед Зенькович дайсныг гүйцэтгэж очоод бүх их буугаараа гал нээтэл германы онгоц гал авалцаж газар руу шумбан унаж эхлэсэн тэр үед дагалдан нисгэгч Алеша унаж байгаа “Хейнкель” руу хэд хэдэн удаа буудаж амжсан байна. Анхны энэ ялалт хорооныхны нийтийн баяр бахархлыг бадруулсан бөгөөд тэр өдрийг дайчин найзууд нь “Монгол ардын” ялалтын өдөр хэмээн нэрлэн тэмдэглэсэн түүхтэй юм.
Гвардын 2-р хороо, “Монгол ард” эскадрилийн бие бүрэлдэхүүн 1944 оны зургадугаар сараас Зөвлөлт Белорусс, Зөвлөлтийн Литвийн нийслэл Вильнюс хот, Балтийн Польш, Дорнод Пуруссыг чөлөөлөх байлдааны ажиллагааны үеэр Украны 1 дүгээр фронтын цэргийн гол бүлэглэлийг агаараас хамгаалах үүрэг авч үүргээ амжилттай биелүүлж байснаас гадна Германы анги, нэгтгэлийн аэродромуудыг тагнан илрүүлэх үүрэг авч удирдах дээд командлалд мэдэгдэж, хорооноос өгсөн үүргийн дагуу бие даан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байсан. Дайны дуусгавар мөчид Прага хот руу давшин тулалдаж байсан танкчдыг агаараас халхлан хамгаалах дэмжих байлдааны шургуу үүргийг гүйцэтгэж байсан тэр үед фашистийн Герман уг дуугүй бууж өгсөн баярт мэдээ цуурайтсан юм.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
Цэргийн түүх судлалын төвийн дарга,
түүхийн ухааны доктор (Ph.D), профессор,
хурандаа С.Ганболд
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам
"Монгол Ард" эскадрилийн түүхээс... | ||
Үзсэн: 1282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.