Жирэмсэлсэн тохиолдолд тухайн эмэгтэйн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсэх магадлалтай өвчнүүдийн үед эмнэлгийн заалтаар, тэрчлэн өмнөх хүүхдүүд нь бага настай, амьдралын шаардлагаар хүүхэд төрүүлэх болоогүй гэж үзсэн гэхчлэн олон шалтгааны улмаас үр тогтохгүй байх аргууд хэрэглэдэг. Тэдний нэг нь эмийн үйлчлэлээр зохицуулах хэлбэр юм. Ийм төрлийн аргыг төрүүлэх хүүхдийн тоо нь хязгаарлалттай хятад улсад өргөн хэрэглэдэг. Манай улсын хувьд ч сүүлийн үед жирэмслэхгүй байх сонирхолтой бүсгүйчүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой үр хөндүүлэх нь нэмэгдсэний зэрэгцээ үр тогтохоос сэргийлэх эмүүд янз бүрийн хэлбэрээр худалдаалагдаж байна. Ихэнх нь өмнөд хөршид үйлдвэрлэгдсэн байх ба хүний биед сөрөг нөлөөтэй, харшил өгдөг, үр дүн багатай зэрэг сул талууд ч тогтоогдсон нь бий. Өргөн хэрэглэгдэж буй эмүүд нь голдуу өндгөн эс боловсрох, шар бие үүсэх, тогтсон ураг умайн хананд бэхлэгдэхийг сааруулах зэрэг үйлчлэлтэй байдаг. Аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ хамааран янз бүрийн нэртэй байх бөгөөд бас хэрэглэх арга нь ч өөр. Ямар хүнд тохирох талаар зааварт нь тусгагдсан байх ба эмчийн зөвлөгөөг авч хэрэглэх нь зүйтэй. Тэгэхгүй бол эм болгон өөр өөрийн эерэг сөрөг үйлчлэлтэйгээс гадна ихэнх эмүүд нь эмэгтэйг таргалуулах, зарим архаг хууч өвчнийг сэдрээх нөлөө ч байдаг. Хамгаалах эмийг сарын тэмдэг ирсэн өдрөөс буюу өндгөн эс ховхорч, шар бие үүсэх үеэс эхлэн өдөрт нэг удаа уух байдлаар хэрэглэдэг. Үр нэгэнт тогтсон, үр умайн хананд бэхлэгдсэн үед эм үйлчлэхгүй. Зарим эм зөвхөн бэлгийн хавьталд орсныхоо дараа уух зориулалттай байдаг. Ийм төрлийн эмийн нэг бол Постинор. Түүнийг бэлгийн хавьталд орох болгоны дараа ойролцоогоор хоёр өдрийн дотор багтаан уух хэрэгтэй байдаг.
.jpg)
Судалгаанаас үзвэл, жирэмслэлтээс хамгаалах магадлал 70-75 хувь гэж үздэг аж. Эмүүдийг голдуу шар биеийн эсрэг гармоноос гаргаж авах боловч химийн найрлага оролцох тул удаан хэрэглэсэн тохиолдолд эмэгтэйн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах эм хэд хэдэн давуу талтай. Үр хөндөлтийг, өөрөөр хэлбэл, хүсээгүй жирэмслэлтийг ч бууруулах нь гол ач холбогдол. Тэгээд ч эмийн сангуудад элбэг байх тул өөрөө тохирохыг сонгон хэрэглэх боломжтой. Зөвхөн бэлгийн хавьталд орсны дараа хэрэглэх төрлийн эмүүд нь өдөр бүр хэрэглэдэг эмүүдийг бодвол биед хуримтлагдан үлдэх нь бага учир сөрөг нөлөөлөл бараг үзүүлэхгүй байх магадлалтай. Харин эм хэрэглэж буй бүсгүйчүүдийн биед тэр тусмаа сарын тэмдэгтэй холбоотой өөрчлөлт гарвал эмчид хандах хэрэгтэй. Тухайлбал, сарын тэмдэг ирэхгүй 2-3 сар саатах, өвдөлттэй ирэх, үтрээнээс эвгүй үнэр бүхий ялгадас гарах, давсаг орчим хатгуулж өвдөх зэрэг ямар ч өөрчлөлт нь эмийн нөлөөнөөс илүүтэй бусад үрэвсэл, архаг өвчин сэдэрсэн байх нь бий. Түүнээс гадна хамгаалах эм хэрэглэж байгаа гээд бэлгийн хавьталд хяналтгүй орох нь хүсээгүй жирэмслэлтээс гадна бэлгийн замын халдвар авах эрсдэл дагуулдаг. Эмээр хамгаалах нь бусад энгийн аргууд болох бэлгэвч хэрэглэх, үр тогтох магадлалтай хугацаагаа халуун шилний аргаар шалгаж тогтоох, сарын тэмдгийн дунд 10 хоногт бэлгийн харьцаанд орохгүй байх зэргээс харьцангуй найдвартай, бас сэтгэл санааны хүчин зүйлийн нөлөөлөл бага гэж үздэг. Хамгийн гол нь эмээ зөв сонгох нь чухал. Эм хэрэглэхийн өмнө зааврыг сайн уншиж, шаардлагатай гэж үзвэл эмчийн зөвлөгөө авах нь зүйтэй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
| Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухай | ||
| Үзсэн: 4603 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.