Шууд Chart

Шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

2015-05-12 12:40:08

Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгажээ. 2010 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоотой эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээнд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, зарим нэр томьёо, ойлголтыг оновчтой зөв болгох, зохицуулагдаагүй үлдсэн тулгамдсан асуудлуудын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж.

Өнгөрөгч 2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дээрх эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14.6 хувь нь стандартын бус болох нь тогтоогджээ. Нийт эмийн үйлдвэрийн дөнгөж нэг хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж байгаа нь өнөөгийн мөрдөж байгаа хуулинд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад эм үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бүртгүүлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчинг зохицуулаагүйтэй холбоотой гэж үзсэн байна. 
 
Эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хуурамч эмийг илрүүлэх зорилгоор эм үйлдвэрлэгч, импортлогч, бүртгүүлэгчид өөрийн импортлосон, үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хариуцах чанарын хяналтын тогтолцоотой байх, эмийг зах зээлд нэвтэрсний дараах чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийж, үр дүнг мэдээлэх, шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай ажээ.
 
Сүүлийн дөрвөн жилд эмийн импортын үнийн дүн гурав дахин өсч, эмнэлгүүд хэрэгцээт эмээ олон улсын жишгээс 2.4 дахин өндөр үнээр тендерээр худалдан авах болсон. Техник, технологи хөгжихийн хирээр шинэ, өндөр үнэтэй эм, эмнэлгийн хэрэгсэл эмчилгээ, оношлогоонд нэвтэрч, нийт хэрэгцээт эмийнхээ 80 гаруй хувийг импортоор хангадгаас валютын ханшийн өсөлт эмнэлгийн төсөвт шууд дарамт үүсгэж байгаа болон эмийн худалдан авалтын зохион байгуулалт оновчгүй зэрэг нь эмчилгээ, оношлогоог доголдуулах нөхцөл болж байна гэдгийг салбарын сайд онцолсон юм.
 
Хуулийн шинэчилсэн найруулгаар эрх бүхий байгууллагаас эм,эмнэлгийн хэрэгслийн үнийн талаарх хараат бус бодит мэдээллийг олон нийтэд хүргэх тогтолцоог бий болгож, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаар болон зарим шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг тогтоох хууль, эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн үзэж байгаа ажээ.

Шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ  
Үзсэн: 1114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй