Шууд Chart

Зүрх гэнэт зогсох нь олон шалтгаантай

2015-05-20 09:30:26

Зүрх судасны эмгэг хамгийн элбэг тохиолдох бөгөөд нас баралтын шалтгааныг тэргүүлдэг. Харин ямар нэг өвчин эмгэг анзаарагдаагүй мөртлөө зүрх гэнэт зогсох тохиолдол цөөн биш гардаг нь ихэвчлэн далд явцтай байсан зүрх судасны эмгэгийн шалтгаантай. Түүнээс гадна цахилгаанд цохиулах, аянганд ниргүүлэх болон бусад гэнэтийн осол гэмтэл, зарим өвчний хүндрэл хэлбэрээр зүрх зогсож болно. Зүрх зогсмогц хүн үхдэггүй хэдэн хором тэсдэг тул үзүүлэх тусламж нь яаралтай, зөв байх шаардлагатай. Зүрх зогсоно гэдэг нь цусны эргэлт гэнэт саатна гэсэн үг. Тиймээс шууд л ухаан алдах ба амьсгал ч зогсдог. Сайн анзаарвал зүрх зогссоноос хойш нэг минут хүрэхгүй хугацаанд амьсгал зогсдог. Ухаан алдсан хүний хамгийн бүдүүн судас болох гүрээний артерийг хурууны өндгөөр зөөлөн дарж үзэхэд судасны лугшилт мэдэгдэхгүй байвал зүрх зогссоны шинж мөн. Зогссон даруй царай нь цонхийн цайж, амьсгаа эхэр татах маягаар хэд хэд аваад амьсгал ч зогсоно. Нүдний зовхийг огцом нээж, хааж үзвэл хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй. Өөрөөр хэлбэл, томорч жижгэрэхгүй гэсэн үг. Зүрх гэнэт зогсох нь юуны өмнө зүрхний шигдээс өвчин байх магадлалтай. Тэрчлэн зүүн ховдлын цочмог дутагдал, хүнд хордлогын үед бас зүрх зогсож болно. Цөөнгүй тохиолдолд мэдрэлийн цочмог зарим өвчин хүндрэхэд мэдрэлийн шалтгаантай зүрх зогсох нь бий. Зүрх зогссон тохиолдолд оношлоход түвэггүй. Гэхдээ яаралтай тусламж үзүүлэхийн хамт түргэн дуудах, эсвэл хамгийн ойр эмнэлэгт яаралтай хүргэх шаардлагатай.

Зүрх зогссон мөчөөс эхлээд эмч ирэх хүртэл тусламжаа /зүрхний иллэг болон хиймэл амьсгал, зүрхний ажиллагаа дэмжих эм тариа зэрэг/ үзүүлсээр байх хэрэгтэй. Хэрвээ өвчин, гэмтэл хүнд биш бол зүрхний иллэг хэд хийсний дараа судас лугшиж, өөрөө амьсгалж эхэлдэг. Тухайлбал, цахилгааны маш өндөр биш хүчдэлд өнгөц цохиулсан, аянганы гол биш хэсэгт цохиулсан үед ийнхүү сэргэх нь байдаг. Мөн цус их алдсаны улмаас шокод орж зүрх зогссон бол цус, шингэн яаралтай сэлбэж, бусад эм тариа хийсний дараа зүрх, амьсгалын иллэгийг хавсран хийснээр сэргэж болно. Зүрх нь гэнэт зогссон хүнийг яаралтай дээш харуулан хэвтүүлж, толгойг нь гэдийлгэн, амьсгалын замд саад болох шүлс, цэрийг соруулан авах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд резин бургуй ашиглаж болно. Тэгээд хиймэл амьсгал, зүрхний иллэг хоёрыг зэрэг хийх хэрэгтэй. Зүрхний лугшилт нэг минутад 80-100 удаа байхаар тооцож, өвчүүний тушаа хоёр гараар хүчтэй дарж хийдэг. Гэхдээ 16-18 дарсны дараа хамрыг нь сайн чимхэж байгаад амаараа ам руу нь хүчтэй үлээнэ. Тэгээд иллэгээ үргэлжлүүлнэ. Хиймэл амьсгал хийхэд зориулсан тусгай аппарат байхгүй тохиолдолд ам амаар хийх хиймэл амьсгал хамгийн үр дүнтэй байдаг юм. Эмийн санд чинь боолтын бамбай байгаа бол нөгөө хүнийхээ аман дээр тавиад хиймэлд амьсгалаа хийж болно. Аль ч тохиолдолд амны завсраар хий алдахааргүй сайн үмхэж үлээх ёстой. Өөрөөр хэлбэл, зүрх нь зогссон хүний цээж түмбийтэл хүчтэй үлээж байж уушги тэлэгдэх боломжтой болдог гэдгийг анхаар. Харин гэмтлийн улмаас тухайн хүний ам гэмтэлтэй зэрэг ам амаар хийвэл амьсгал хийх боломжгүй бол амыг самбайгаар, эсвэл гараараа таглаж байгаад хамраар нь үлээж болдог. Хүний амь насыг аврах эсэх асуудал тул олон санаа бодолгүйгээр шууд тусламжаа үзүүлэхгүй бол минут, секунд бүр үнэ цэнэтэй. Зүрхэнд шууд адреналин хийх нь зүрхний булчинг сэргээдэг. Мэргэжлийн эмч байхгүй тохиолдолд цээжний зүүн суганы урд талд хөхний толгойноос гадагшаа 4-5 хуруу орчим зайд хавирганы завсраар гурван хуруу орчим гүн хатгахад зүрхний булчинд зүүний үзүүр орж таардаг. Өөр аргагүй тохиолдолд уртхан зүү, адреналин тариа, тариур байгаа бол хэрэглэж болох талтай ч мэргэжлийн эмчийг хүлээх нь дээр.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос         


Зүрх гэнэт зогсох нь олон шалтгаантай  
Үзсэн: 7094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй