
Их ууртай ч юм уу, этгээд үйлдэл хийдэг хүмүүсийг зүрхний гажигтай гэх нь бий. Зүгээр л зүйрлэл боловч цаанаа бас учир шалтгаантай. Учир нь зүрхний эмгэгтэй хүмүүст сэтгэл амархан хөдөлдөг, цухалддаг, багтарч унадаг гэхчлэн шинж тэмдгүүд илэрдгээс үүдэлтэй. Зүрхний эмгэг, гажиг хоёр хоорондоо ялгаатай ойлголт юм. Гажиг гэдэг нь төрөлхийн голдуу байх бөгөөд зүрхний ховдол, тосгуур хоорондын таславч, хавлага, судасны хэвийн бус хөгжлийн улмаас үүсдэг эмгэгийг хэлдэг. Гэхдээ архаг ангина үе мөч болон зүрхэнд нөлөөлснөөс, тэрчлэн тэмбүү, сүрьеэ, цусан үжил, судасны хатуурал зэрэг өвчний хүндрэл хэлбэрээр хожуу илрэх гажгууд цөөнгүй. Төрөлхийн гажиг хэлбэрээсээ хамааран илрэх шинж, өөрт болон эцэг, эхдээ мэдрэгдэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь, ховдол, тосгуурын хоорондох таславч, хавхлагатай холбоотой гажгийн үед тараагуур болон хураагуур судсан дахь цус дутуу эсвэл бүр илүү шахагдан хоорондоо холилдох, ирсэн замаараа буцаж шахагдах эмгэг илрэх учир арьс хөхөлбөртөх, амьсгаа түргэсэх, судасны цохилт хурдсах зэрэг шинж гарна. Цээжийг чагнаж үзвэл зүрх агших бүрт шингэн буцаж шахагдаж байгаа чимээ сонсогддог. Цоорхой том бол энэ чимээ цээжинд чихээ наах төдийд мэдрэгдэнэ. Ихэнх тохиолдолд гажигтай хүүхэд ямар нэг зовиургүй байх тул эцэг, эхчүүд анзаарахгүй байх нь бий. Ер нь зүрхний гажгууд эрт илрэх боловч нас бие гүйцэх хүртлээ далд хэлбэрээр яваад байх нь цөөнгүй. Гэхдээ л ид залуу насанд нь хүндэрсэн байдлаар илэрдэг учир аль болох бага насанд нь оношлуулах нь чухал. Эрт оношлогдож чадваас бараг бүх төрлийн гажиг эмчлэгдэх боломжтой. Мэс заслын хүндхэн эмчилгээ шаардагддаг ч сүүлийн үед дурангаар жижиг гажгийг амархан анагаадаг болсон.
Бас зарим төрийн бус байгууллагууд ийм гажигтай хүүхдүүдийг хандив хэлбэрээр Солонгос зэрэг улсад явуулан төгс эмчилдэг болоод байгаа. Зүрхний гажигтай хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн судалгаа бий. Энэ нь янз бүрийн хүчтэй эм бэлдмэлүүдийг эмчийн зааваргүй хэрэглэсэн, химийн бодис хэвийн хэмжээнээс хэтэрсэн хувцас, ариутгал, гоо сайхны бараа их хэрэглэсэн зэргээс гадна нийслэийн утаа, орчны бохирдол, уул уурхайн компаниудын хэрэглэж, ус, хөрс бохирдуулж буй бодисууд гээд нөлөөлөх хүчин зүйл олон. Шалтгаан ямар ч байлаа эрт оношлуулж эмчлүүлэхгүй бол амь насанд нь эрсдэлтэй. Зүрхний шуугианаас гадна арьс нь хөх туяатай, цонхигор, хумсны хэлбэр нь төвгөр, хөхөлбөр байх нь анзаарагддаг. Зүрхний гажигтай хүүхдийг онгоцонд суулгах, алсыг харагч болон хурдан эргэдэг тоглоомоор тоглуулах, хурдан гүйлгэх, айлгаж цочоох, ядрах, сульдах, өлсөж даарахаас аль болох болгоомжилж байх шаардлагатай. Эмийн эмчилгээ гэж үндсэндээ байхгүй. Эмчийн хяналтад байж тодорхой нөхцөл бүрдсэн үед мэс заслын эмчилгээ хийлгэх эсэхийг эмч шийдвэрлэнэ. Харин олдмол буюу бусад өвчин эмгэгийн хүндрэл байдлаар илэрсэн зүрхний гажиг нэлээн төвөгтэй. Юуны өмнө үндсэн өвчнийг нь оношлуулах, эмчлүүлэх шаардлагатай. Ихэвчлэн төгс эмчлэгдэх магадлал бага байх талдаа. Тиймээс зүрхний гажиг үүсгэдэг өвчнөөр өвчлөхгүй, өвчилсөн бол эртхэн эмчлүүлэх нь урьдчилан сэргийлэх үндсэн арга болно. Зүрхний гажиг хэдийгээр хүнд эмгэг мөн боловч эрт эмчлүүлж чадваас бүрэн анагаагдах болсныг хэлэхэд илүүдэхгүй. Гол нь эцэг, эхчүүд хүүхэд олдсон үеэс л жирэмсэн эхийн эрүүл мэндэд анхаарч, байнгын зөвлөгөөнд хамруулах, жирэмсэн эхчүүдэд харшлах эм бэлдмэл хэрэглэхгүй байх, чийрэгжүүлэх дасгал, хөдөлгөөн хийж байх зэрэг нь зүрхний гажгаас сэргийлэх нэг арга болдог. Зүрхний гажиг удамшихгүй ч адил орчин, ижил хүнс, хэрэглээ нь дам нөлөөлж болох талтай гэдэг.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Зүрхний гажиг | ||
Үзсэн: 12957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.