
Зүрх судасны үйл ажиллагаа гэнэт доголдон зүрх зогсох үед зүрхэнд иллэг хийх шаардлага тухайн хүний дэргэд буй хэнд ч тохиолдож болно. Тиймээс зүрхэнд иллэг хийх аргыг иргэн бүр мэддэг, чаддаг байхад илүүдэхгүй. Ялангуяа осол гэмтлийн үед зүрхэнд иллэг, уушгинд хиймэл амьсгаа хийх шаардлага зайлшгүй гарна. Зүрхэнд хийх иллэгийг шууд, шууд биш гэж хоёр төрөлд ангилан үздэг бөгөөд шууд иллэгийг мэргэжлийн эмч нар мэс заслын үед л хэрэглэдэг. Товчхондоо бол аливаа мэс заслын үед зүрх гэнэт зогссон тохиолдолд амьдралын заалтаар зүрхийг гараараа атган шууд иллэг хийнэ гэсэн үг юм. Харин шууд биш иллэгийг цээжний гадна талаас зүрхэн тус хэсэгт дарж хийдэг бөгөөд ихэвчлэн хиймэл амьсгалтай хамтруулан хийдэг. Зүрх гэнэт зогсох үед цусны эргэлт зогсох учир бүх эрхтэн системийн цусан хангамж саатаж, аажмаар үхэлд хүргэх аюултай. Тиймээс зүрхэнд иллэг хийх нь хамгийн түрүүнд цаг алдалгүй үзүүлэх анхны тусламж мөн. Иллэгийг нэлээд хүчтэй хийх хэрэгтэй. Яагаад гэхээр зүрх цээжний хөндийн зүүн хэсэгт хавиргаар хамгаалагдан байдаг. Зүрхэнд иллэг хийхийн тулд цээжний урд зүүн талд хүчтэй дарна. Энэ даралтын хүчээр ар нуруу, цээжний өмнө хэсгийн хоорондох зүрхийг хавчиж дарна гэж ойлгож болно. Гэхдээ тухайн хүний нас, хүйс, биеийн булчингийн байдал зэргээс хамаарч даралтын хүчээ тааруулах ёстой. Жишээ нь, бага насны хүүхдэд бол хоёр гарын эрхий хуруугаараа иллэг хийж болдог бол нас бие гүйцсэн хүнийг хоёр гараа давхарлан байж биеийн жингийн хүчээр дарах шаардлагатай болдог. Даралтаа хэтэрхий хүчтэй хийвэл хавирга хугарах, улмаар хугарсан хавирга уушгийг, судсыг гэмтээж, дараагийн хүндрэл учруулах осолтойг анхаарах нь зүйтэй.
Зүрх нь зогссон хүнээ газар, эсвэл хатуу модон орон дээр хэвтүүлээд тусламж үзүүлэгч хажууд нь өвдөглөн суух, эсвэл зогсож байгаад иллэгээ хийдэг. Газарт хэвтүүлэн хийх нь илүү тохиромжтойгоос гадна хүчтэй дарах боломжтой байдаг. Ингэж дарснаас зүрхний ховдолд саатсан цус хүчээр гол судас руу шахагдана. Нэгэнт зүрх зогссон болохоор даралт /иллэг/ нь зүрхний агшилт, сулралттай ойролцоо хэмээр хийгдэх ёстой. Хэд дарсны дараа судсаар гүйсэн цус тархинд нөлөөлж зүрхний булчинг хөдөлгөх сэрэл сэргэн зүрх өөрөө агшиж, суларч эхэлдэг. Иллэгийг хиймэл амьсгалтай хавсран хийж байгаа бол 10-12 удаа дарсны дараа хамрыг нь чимхэж байгаад ам руу нь хүчтэй үлээдэг. Зүрхэнд иллэг хийж байхдаа гүрээ болон цавьны том судас лугшиж буй эсэхийг шалгана. Бас өвчтөний царай ялангуяа хацар ягаарч буй эсэх, нүдний хүүхэн хараа гэрэлд урвал өгч буйг шалгах хэрэгтэй. Боломжтой бол цусны даралтыг хэмжинэ. Нүдний зовхийг хуруугаараа нээж, хааж үзэхэд хүүхэн хараа томорч, жижгэрч хөдөлгөөн хийж байвал зүрх сэргэж буйн нэг шинж мөн. Иллэгээ түр зогсоон үзэхэд дээрх шинж тэмдгүүд, ялангуяа судас лугшиж байвал зүрх өөрөө ажиллаж байна гэсэн үг. Зүрхний иллэгийг эдгээр ажиллагаа бүрэн сэргэх хүртэл хийх шаардлагатай. Гараар хийх иллэг үр дүн өгөхгүй бол цахилгаанаар цохиулах арга байдаг. Үүнийг мэргэжлийн эмч нар хийх бөгөөд зориулалтын аппарат ашигладаг юм. Энэ аппаратыг дефибрилятор гэнэ. Зүрхний ажиллагаа сэргэсэн ч гэсэн эмнэлэгт хандаж цаашдын эмчилгээг шийдүүлэх хэрэгтэй.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Зүрхэнд иллэг хийх | ||
Үзсэн: 6941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.