Шууд Chart

Бүгд Найрамдах Белорусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович манай улсад айлчлал хийж байна

2013-09-04 13:37:19

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Белорусь улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Михаил Владимирович Мясникович манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хүндэт зочноо төв талбайдаа ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд Засгийн газрын тэргүүнүүд, визний шаардлагаас чөлөөлөх, боловсрол, цэрэг техник, хил гаалийн салбарт тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгүүдэд хоёр талын холбогдох сайд, албаныхан гарын үсэг зурлаа. Үүний дараа айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын тухай хоёр орны Ерөнхий сайд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зарим тодорхой чиглэлээр түлхүү хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр илэрхийлсэн юм. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан компани байгуулах, хүнсний бүтээгдэхүүн боловсруулахад хамтран ажиллах, Беларусийн их сургуулиудтай харилцаагаа өргөжүүлэх, уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр хоёр талын хувийн хэвшлийнхний эхлүүлсэн санаачилгуудыг дэмжихээр тохиролцлоо. Беларусийн тал эдгээр санал санаачилгыг таатай хүлээн авч, богино хугацаанд ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа илэрхийлээд, Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг авах боломжтойгоо нэмж дурьдлаа.

Эдгээр хэлэлцээрийн үр дүнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ үеийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглэсэн бол Белорусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович “Бид энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй ирлээ. Төр, хувийн хэвшил, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөллүүд маань танай оронд хүрэлцэн ирж, олон талд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн идэвхжүүлэх хүсэл эрмэлзлэлийн тод илрэл юм” гэлээ. Энэ айлчлал Белорусь улстай дипломат харилцаа тогтоосноос, тодруулбал 1992 оноос хойшхи Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.

Эдийн засгаа хурдацтай өсгөж, бүтээн байгуулалт, хөгжлийн амжилтад хүрч байгаа Монгол Улстай илүү ойр дотно харилцах, олон чиглэлд хамтран ажиллах боломж, ирээдүй бий гэж харж байгаагаа эрхэмсэг ноён М.В.Мясникович дурьдаад, Монгол Улсын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа эх орондоо айлчлахыг урилаа.

Бүгд Найрамдах Белорусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович айлчлалын хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Харин маргааш МҮХАҮТ-д Белорусийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээж, хоёр орны бизнес форумд оролцоно.


Бүгд Найрамдах Белорусь улсын Ерөнхий сайд М.В.Мясникович манай улсад айлчлал хийж байна  
Үзсэн: 1838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй