Шууд Chart

П.Ганхуяг: Манай аймгийн төсөв тэрбум гаруй төгрөгөөр тасраад байна

2015-09-15 11:51:26

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Замын-Үүд боомтоор орж, гарч буй бараа бүтээгдэхүүний тоо өмнөх жилийнхээс хэр хэмжээгээр буурсан бэ. Орон нутагт төсвийн орлого тасраад байна гэх мэдээлэл гарсан?
 
-Замын-Үүд боомтоор орж, гарч буй бараа бүтээгдэхүүний татварын орлого манай аймгийнх гэж тооцогддоггүй л дээ. Энэ бол Монгол Улсын орлого. Манай орон нутагт ордог орлого бол боомтоо  орж, гарч буй хүмүүсийн болоод машин техник хэрэгслийн хураамж байдаг. Замын-Үүд боомтоор орж,  гарч буй барааны тоо  энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ хэрээр гааль дээр төлөгдөх татварын хэмжээ буурсан. Яг нарийн тоо баримт бол манайд байхгүй. Ерөнхийдөө бидэнд ирдэг татварын орлого 500 гаруй сая төгрөгөөр тасарсан. Манай аймгийн төсөв тэрбум гаруй төгрөгөөр тасраад байна. Аймгийн татварын орлого зөвхөн  Замын-Үүдийн орлого ч бас биш. Бууны татвар, Хүн амын орлогын албан татвар гэх мэт жижиг татваруудаас төвлөрөх орлого бүгд хамаарна. Харин яагаад ингэж тасраад байна гэхээр энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болоогүй. Газрын дуудлага худалдаанаас олох орлого, бараа бүтээгдэхүүний өмч хувьчлалын орлогын татвар зэрэг буурснаас үүдэлтэй. Газрын дуудлага худалдааны орлого тасарч байгаа нь эдийн засгийн хүндрэлээс болоод үйлдвэрлэл үйл ажиллагаа  байгуулахаар газраа сонгосон иргэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байна. Энэ мэтээс л болж орлого тасарч байна. Тиймээс бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.  Өөр бусад салбарт төсөв тасраагүй л дээ. Аялал жуулчлалаас олох орлогын хувьд жил бүр хамрын хийдийг үзэхээр  70-80 мянган хүн ирдэг байсан бол энэ жил 110 мянга гаруй хүн ирлээ.
 
-Хамрын хийд рүү орох тасалбарын үнэ өмнө нь 300 төгрөг байсныг 2000 болгож нэмэгдүүлсэн байсан. Энэ орлого хаана төвлөрдөг вэ?

- Тусгай хамгаалалттай бүс  ч бай,  юу ч бай ердөө хоёрхон төрлийн л татвар авдаг. Нэг нь улсын татвар, нөгөө нь орон нутгийн татвар. Тус тусынхаа төсөвт төвлөрнө. Одоо энэ газарт төвлөрч байгаа татвар орон нутгийнхаа төсөвт төвлөрнө. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутгийн заалттай учир төвлөрсөн хөрөнгийг тус газар нутгийн арчилгаанд зарцуулах учиртай. Хамрын хийдийн наана цогцолбор байгуулах гэж байгаа. Тэр цогцолборыг барьчих юм бол төвлөрч буй бүх хөрөнгийг тэнд төвлөрүүлнэ. Тэр мөнгийг байгалиа хамгаалах, тус газрын хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулна. Энергийн төв дээр өмнө нь авч байсан зардал бол хэлбэр төдий байсан. Харин цаашдаа үйлчилгээгээ сайжруулах юм бол хэдэн төгрөгийн татвар ч авч болно.
 
-Сайншандын аж үйлдвэрийн паркын одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Орон нутгаас шалтгаалах зүйл байхгүй гэж байсан ч их бүтээн байгуулалтын ажилд биднээс шалтгаалах зүйл байхгүй гээд хойшоо суугаагүй байх л даа?

- Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг компанийг Засгийн газраас байгуулсан байдаг юм. Харин энэ компанид орон нутгийн удирдлагуудаас огт багтаагүй.
 
-Яагаад багтаагүй юм бол. Та бүхний зүгээс санал тавьсан уу?

- Мэдээж  хэрэг орон нутгийнхаа энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцох  хүсэлтэй байлгүй яах вэ. Байнга л санал хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээж  авахгүй байна. Тиймээс энэ ажил яг хаанаа гацчихаад байгаа талаар мэдээлэл алга. Бодвол судалгаа шинжилгээнээс эхлүүлээд хийх ажил маш их байгаа. Мөн төсөв мөнгө, дэд бүтэц гээд олон асуудлыг нэг дор  цогц шийдэж байж байгуулах учир цаг хугацаа их орох байх.
 
-Дорноговь аймагт "Шинэ сум" төсөл хэрэгжиж байгаа. Энэ ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-"Шинэ сум" төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн бага хувьтай нь 45, хамгийн их  нь 73 хувьтай байна.
 
-Орон нутгаас хотыг зорих шилжилт хөдөлгөөн хэр байна вэ?
-Сумаас аймаг хүртэлх хөдөлгөөн нэлээд байх шиг байна. Харин аймгаас хотыг зорих хөдөлгөөн бараг зогссон байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аймагт суурин амьдарч буй иргэдийн тоо 60-64 мянга болж нэмэгдсэн. Энэ нь зам дагасан бүтээн байгуулалттай холбоотой болов уу. Хүмүүс Замын-Үүд рүү хоёр цаг давхиад л очиж байна.


П.Ганхуяг: Манай аймгийн төсөв тэрбум гаруй төгрөгөөр тасраад байна  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй