
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
- Сангийн сайдын 2014 оны долоодугаар сарын 18-ны 162 дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “Нийслэл өргөө” ХХК хамрагдсан тул Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын дуусгалтын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0119 дүгээр ангиар шууд гэрээ байгуулах замаар үргэлжлүүлэн дуусгахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд зөвшөөрлөө.
- 2015 оны есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
- 2015 оны есдүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.
- Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Ц.Эрдэнэбилэгийг чөлөөлж, Н.Нямдавааг томиллоо.
- Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны Чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа 31 зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан гаргасан Монгол Улсын байнгын төвийг сахисан орон болох бодлогыг дэмжих асуудлыг хэлэлцэн, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдаан боллоо | ||
Үзсэн: 563 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.