Шууд Chart

“Төрийн минь сүлд өршөө” гэх тайлал хэсэг зүрх рүү хатгах шиг…

2015-09-21 16:15:29

Бидний дунд ам дамжин яригддаг байсан түүхээс сэдэвлэн бүтэж дэлгэцийн бүтээл болсон “Маш Нууц” уран сайхны кино өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийсэн. Тус киног үзсэн үзэгч До.Золбоо гэх фэйсбүүк хаягтай уншигч ийнхүү сэтгэгдлээ үлдээсэн байна. Тэрбээр:

Миний бие яг нээлтэн дээр нь үзэж чадалгүй маргааш нь зорьж сонирхож үзсэн юм уг бүтээлийг. Ерөнхий найруулагч О.Бат-Өлзийгийн бүтээлийг олон олон кино сонирхогчид алга ташин хүлээн авсан байх гэдэгт би итгэлтэй байна. 1960-1970 онд болсон эмгэнэлтэй дээрх үйл явдал нь хэдий үлгэр домог шиг санагддаг байсан ч дэлгэцэнд амилсан даруйдаа л ямар нэг оршил гэж нуршилгүй гол үйл явдал эхэлсэн нь надад таалагдсан. Тухайн үед гурван жил цэргийн албыг хаадаг байсан эрс гэр орон, аав ээж, үр хүүхэд рүүгээ яаран байсан ч төр, нам засгаас дахин нэг жилээр албыг нь сунгах болсонд бухимдсан цэргүүд, оны ялгаа, хал цэргүүдийн дэндүүлсэн дэглэлт, хайр дурлал гээд та энэ бүтээлээс эдгээрийг үзэхээс гадна анд нөхөрлөлийн талаар мөн ойлгож мэдрэх бүрэн боломжтой гэж хэлмээр байна.

Кино зохиол болон харилцан диалогуудын хувьд илүүц санагдсан алдаатай гэмээр зүйл миний л хувьд анзаарагдаагүйн дээр яруу найрагч Р.Чойномын шүлгийн хэсгийг их сонирхолтой байдлаар шигтгэж өгсөн нь мөн тухайн үеийн үзэл суртлийг харуулж байлаа. Мөн нилээдгүй инээх хэсэг байсныг дурьдах ёстой. Зарим бүтээлүүд киноны гол үйл явдал, зангилаа, тайлалыг гаргаж ирэхийн тулд ихээхэн нуршсан байх тохиолдол байдаг. Харин энэ бүтээл дээр нилээн нямбай ажиллаж тэр бүхнийг нуршаагүйн дээр гол дүрүүдийн сэтгэл зүй хийгээд төрд тэрсэлж эх орноосоо урвасан гэх тэдгээр цэрэг эрсийн дотоод хүсэл нь үнэн хэрэгтээ юу байсныг товч, тод томруунаар сэтгэлд буутал дүрсэлж өгсөнд уран бүтээлчиддээ баярласан шүү. За тэгээд “Ар Хударга” Монголын уран сайхны кино нь дээр хүлээж байсан жүжигчин Ц.Цэрэнболдын хэсэг шиг тэр гар буун дууг үзэгч бүр хүлээж байсан. Энэ хэсэг дээр дурдсанчлан ээждээ хурдхан очих гэсэн хүү, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирах ээжийн гайхалтай тэр тайлал хэсэг зүрх рүү хатгуулсан шүү. За тэгээд хэтэрхий олон зүйл нуршаад яахав та нар өөрсдөө үз.

Зураг авалтын хувьд одоо хүртэл нүдэнд харагдаж байгаа хэсэг бол амьд үлдсэн эрс маань оргон зугтаж байгаа агаараас авсан план....... ер нь зураг авалт илүү дутуу толгой эргүүлсэн, хөдөлгөөнтэй планууд байгаагүй. Мөн үйл явдалдаа зохицолгүй үсэрсэн эвлүүлэг ажиглагдаагүй. Ер нь зураг авалтын тал дээр ихээхэн сэтгэл гаргаж, чимхлүүр ажилласан гэж би хувьдаа бодож байна.
За энд дурдахгүй өнгөрч үл болох зүйл бол хөгжим. Манайхан хөгжим дээр хэр их мэдрэмжтэй ажиллаж чаддаг вэ гэдгийг энэ бүтээлээс мөн үзэж болно. Хөгжилтэй, тулаантай, түгшээсэн хэсгүүд тус бүр дээр хөгжмөөр өндөлзүүлэх шиг болно.

Дүрүүдийн хувьд дэлгэц, тайзны луухгарууд байхаас гадна гол дүрийн сонголтуудыг муугүй хийсэн гэж би хэлнэ. Шинэ цаг үеийн залуу чадварлаг жүжигчдийн эрин ирсэн нь үнэхээр тодорхой мэдрэгдсэн шүү.

Тухайн үед болсон үйл явдлыг ямар баримт дээр тулгуурлан дэлгэцэнд амилуулсаныг мэдэхгүй ч тэдний үйлдлийг бага ч болов зөөллөн өмөөрч, цаг үеийн үзэл суртлын чанга хатуу байдлыг илтгэсэн бүтээл болсон гэж би хувьдаа бодож байна. Миний өгөх үнэлгээ 10/10...


“Төрийн минь сүлд өршөө” гэх тайлал хэсэг зүрх рүү хатгах шиг…  
Үзсэн: 3750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй