Шууд Chart

"Парис Мастерс" тэмцээний финалын тоглолтууд боллоо

2015-11-09 11:42:29

Мэргэжлийн эрэгтэйчүүдийн газрын теннисний ганцаарчилсан болон хосын төрөлд  чансаа олгох "Парис Мастерс" тэмцээний финалын тоглолтууд болж, ялагчдаа тодрууллаа. Хосын төрөлд дэлхийд хувийн чансаагаар 2, 3-д дараалан бичигдэж байгаа АНУ-ын тамирчид болох Боб Брайн, Майк Брайн нар аваргалж, 1000 оноо авснаар нийлбэр дүнгээр 6.465 оноотой болж хосын төрөлд чансааны нэгдүгээрт бичигдэж байна. Харин ганцаарчилсан төрөлд дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж байгаа Сербийн тамирчин Новак Жокович, чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Их Британийн тамирчин Энди Мюррей нар аваргын төлөө өрсөлдсөн.

Тоглолт эхний үеэсээ л сонирхолтой, өрсөлдөөнтэй байлаа. Тоглолтын эхний үед Их Британийн тамирчин Энди Мюррэй тоглолтын эхний үеийн завсарлага хүртэл 2-1 харьцаатай тоглолтыг хошуучилж эхэлсэн. Мюррей Жоковичийн хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж тоглож байсан хэдий ч Мюррей өөрөө алдаж эхэлснээс тоглолтын эхний үе 6-2 харьцаатайгаар Жокович хожсон. Улмаар тоглолтын хоёрдугаар үед ч дэлхийн номер нэг теннисчин Новак Жокович амжилттай давуулалт болон довтолгоонуудыг хийж байснаар 6-4 харьцаатайгаар Сербийн тамирчин Новак Жокович яллаа.

Ийнхүү дэлхийн чансааны номер нэг теннисчин Новак Жокович улирлын цуврал тэмцээний 4 дэх Парис Мастерст ялагч болж чансааны 1000 оноогоо авч, нийлбэр оноогоор 15.285 оноотой бусдаас хол тасархай оноотой дэлхий нэг номерын чансаагаа хэвээр хадгалсаар байна. Тэрбээр ийнхүү мэргэжлийн теннисчдын чансаа олгох цуврал тэмцээнд 6 удаа  аваргалж буй анхны тамирчин болж байна. Харин Их Британийн тамирчин Энди Мюррей мөн л чансааны хоёрдугаарт бичигдсэн хэвээр нийлбэр 8.470 оноотой удаалж байна.

Новак Жокович 2015 онд дэлхийн чансааны эхний 10 дугаарт бичигддэг тамирчидтай нийт 31 тоглолт хийснээс 27-д нь ялсан байна. Харин Энди Мюррейтэй 11 удаа таарч тоглосноос 10-т нь ялаад байгаа юм. Ээлжит цуврал тэмцээн энэ сарын сүүлчээр Их Британийн нийслэл Лондон хотод болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Парис Мастерс" тэмцээний финалын тоглолтууд боллоо  
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй