
Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хуваарийн дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийсэн энэ үеэр хэлэлцсэн асуудлуудын талаар товчлон хүргэе.
- Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Батцэрэгт даалгалаа.
- 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээний бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус хэлэлцээний Монголын хэсгийн дарга Х.Ганцогтод даалгалаа.
- 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд бөгөөд тус ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад даалгалаа.
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг нэгтгэн 2016 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
- “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.3.2 заалтад “Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр болон Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж” гэж нэмэхээр тогтлоо.
- Францын хүнсний тусламжийн эргэлтийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжиж, уг хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
- “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлд өөрчлөлт орууллаа.
- Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцууллаа.
Засгийн газар хуралдлаа | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.