
Үндэсний Супер Лигийн шинэ улирлын нэгдүгээр тойргийн тав дахь тоглолт Баянзүрх дүүрэг "Их өргөө-Аравтууд" болон Төв аймаг "Төв Ургац" багийн хооронд боллоо.
Улирлын нээлтийн тоглолтдоо хожигдоод байсан "Их өргөө Аравтууд" энэ удаад тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч тоглосон. С.Өрнүүнбилэг, С.Батбямба нарын довтолгоо тоглолтын эхнээс сайн болсноор онооны зөрүүг холдуулж байсан бол Д.Мөнхтүвшин, Ш.Сэдбазар нар хэрэгтэй үед оноогоо авч байлаа.
Өмнөх тоглолтдоо маш сайн эргэн ирэлтийг хийн, хожил байгуулаад байсан "Төв-Ургац"-ын хувьд чухал үед чөлөөт шидэлтүүдээ алдаж байсан нь хожигдох гол шалтгаан нь боллоо. Хэдийгээр Д.Дэлгэрням 20 оноо, самбараас 11 бөмбөг авалт, Х.Бат-Эрдэнэ 13 оноо, самбараас 7 бөмбөг авалт, Б.Тамжид 9 оноо, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн ч багийн бусад залуус тэр тусмаа легионер тоглогчид тун хангалтгүй байлаа.
"Төв-Ургац" багт нэгдээд байгаа Нигер улсын шигшээ багийн холбон тоглогч Kelechi KC Anuna 5 оноо, самбараас 4 бөмбөг авалт, Gary Gaskins 2 оноо, самбараас 6 бөмбөг авалт гүйцэтгэсэн юм.
Харин "Их өргөө Аравтууд"-аас багийн ахлагч, лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшин төдийлөн сайн байсангүй. Тэрбээр 14 оноо авахдаа 19 довтолж, ердөө 4-г нь байнд нь тусгасан юм. Харин тэдэнд шинээр нэгдээд байгаа С.Өрнүүнбилэг 20 оноо, самбараас 12 бөмбөг авалт, М.Бадрах 6 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол ахмад тоглогч Ш.Сэдбазар 11 оноо, самбараас 10 бөмбөг авалт, С.Батбямба 18 оноо авч багаа тэргүүлснээр "Их өргөө Аравтууд" улирлын анхны хожлоо авлаа.
"Их өргөө-Аравтууд" улирлын эхний хожлоо авлаа | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.