
Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолт үргэлжилж байна. Өчигдөр болсон хоёр тоглолтын нэг нь Супер лигийн хамгийн хүчтэйд тооцогдох багууд болох "Танан Гарьд" болон SBL-Хасын Хүлэгүүд багийн хооронд өрнөлөө.
"Танан Гарьд"-аас О.Ууганбаяр ээлжит сайн тоглолтоо үзүүлж, 30 оноо самбараас 11 бөмбөг авч гүйцэтгэсэн ч баг нь энэ удаад хожигдол хүлээлээ. Г.Ихбаяр 17 оноо, самбараас 9 бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалт, О.Нямбаяр 17 оноо, самбараас 8 бөмбөг авалт гүйцэтгэж түүнд тусалсан ч хожиход хангалтгүй байлаа.
Багийн бусад залуус хангалтгүй байснаас гадна багийн ахлагч Б.Мөнхболдын сайн тоглолт үгүйлэгдэж байсан юм. Тэрбээр өнөөдөр ердөө 5 оноо авсан төдийгүй шийдвэрлэх үед талбайд байсангүй.
Харин эсрэгээрээ "Хүлэгүүд" тун давгүй тоглолт үзүүлсэн ба тэднээс гурван тоглогч 20+ авсан юм. Багийн ахлагч Б.Билгүүн 27 оноо, самбараас 11 бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Б.Батжавхлан 22 оноо, 4 оновчтой дамжуулалт, О.Сэргэлэн 20 оноо 7 оновчтой дамжуулалт, А.Бямбадорж 15 оноо, Б.Энхтүвшин 8 оноо, самбараас 12 бөмбөг авалт тус тус гүйцэтгэж улирлын хоёр дахь хожлоо авлаа.
Багаараа хамгаалалт маш сайн хийж байсан нь онцлох зүйл байв. Сэлгээнээс гарч тоглосон Б.Баатар, Б.Мөнхбилэг нар хамгаалалтад тун сайн байж гарааны тоглогчдоо хангалттай амрааж чадсан юм.
Улмаар "Танан Гарьд"-ийг буулган авч хоёр хожил нэг хожигдолтой улирлыг цааш үргэлжлүүлэх болж байна. Үндэсний супер лигийн баасан гарагийн эхний тоглолт өнгөрсөн улирлын аварга "Альянс Тех Харцага" Баянзүрх "Их Өргөө аравт"-ууд багуудын хооронд болох бол хоёр дахь тоглолт Сүхбаатар Лидер Ирвэсүүд багуудын хороонд болно.
"Танан Гарьд" лигийн хоёр дахь тоглолтод хожигдлоо | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.