Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийлээ

2015-12-15 14:42:59

Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.


- 2015 оны 11 дүгээр сарын 22-24-нд ОХУ-ын Чит хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгав.

- “Дотоод аудитын дүрэм”-ийг баталлаа. Уг дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болголоо.

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт 0802.90.10 кодтой Хуш модны үр-самар, самрын идээ гэсэн заалт нэмэхээр тогтлоо.

- “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2015-2018 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.


Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй