Шууд Chart

Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

2015-12-17 08:55:38

Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар хөрөнгө оруулагч банкууд болон Туркиз хилл, Рио Тинто, Оюу толгой компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд Монголын эдийн засагт итгэл үзүүлж, Оюу толгой компанид хөрөнгө оруулахаар болсон банк, санхүүгийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

Засгийн газрын зүгээс шаардлагатай ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, компани, хөрөнгө оруулагчид, банкуудын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хурдан эхлүүлэх, санхүүжилтийг яаралтай олгох талаар санал солилцсон байна. Төслийн санхүүжилт шийдэгдэж, гэрээг баталгаажуулсан учраас төлөвлөсөн ажлуудаа яаралтай эхлүүлэхэд талууд санал нэгдлээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны эхний улиралд багтаан эхүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагч болон банкуудын зүгээс санхүүжилт хийхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

 


Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй