Шууд Chart

Аж ахуйн нэгж байгууллагууд www.shilenkhyanalt.gov.mn сайтад бүртгүүлнэ

2016-01-06 15:06:46

Лхагва гараг бүр болдог Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны  газрын дарга Ц.Жадамба нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас болох  www.shilenkhyanalt.gov.mn сайт бэлэн болсныг дуулгасан. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байгаа. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг  шилэн болголоо гэж Ерөнхий  Ч.Сайханбилэг хэллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 23 төрлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, татварын шалгалтыг эхний ээлжинд энэ системд оруулсан. Нийт 144 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, 13 мянга 500 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177 мянган обьект бүртгэгдсэн нь энэ систем өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна гэсэн юм.

www.shilenkhyanalt.gov.mn хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй. Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ. Мөн шалгуулагчид хяналтын үр дүнг оруулна. Хяналт шалгалтын байгууллагын улирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд статистикийн мэдээллийг харах, дүгнэлт хийх боломжтой талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.

Удирдлагууд хяналтын системээр байцаагчдаа хэрхэн ажиллаж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн саналтай танилцана. Зөрчил гарч байгаа обьектуудыг хянаж, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээ, бодлогодоо тусгах боломжтой. Хаана зөрчил гарч, шалгалт давхардаж байна гэдгийг статистик мэдээлэл харуулна гэж Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Статистикийн мэдээ нь хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг харуулах ажээ.

Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ. Байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ сайт болон сайтын үйл ажиллагааг сурталчилж,  www.shilenkhyanalt.gov.mn -д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.


Аж ахуйн нэгж байгууллагууд www.shilenkhyanalt.gov.mn сайтад бүртгүүлнэ  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй