
Чингис хааныг өөрийн орны түүхэнд хамааруулах гадны түүхчдийн хандлага байсаар ирсэн. Сүүлийн үед дэлхийн олон оронд Чингис хааны хөшөө дурсгалыг барьж, үзмэрийнхээ тайлбар дээр түүхийг гуйвуулсан агуулга оруулах хандлага бий болжээ. Тиймээс Чингис хааны музейг байгуулах хэрэгтэй гэж түүхчид хэлж байна.
Тухайлбал, гадны түүхчдээс "Чингис хааныг таалал төгссөний дараа одоогийн Өвөр монголын Ордос хотод шарилыг нь авч ирсэн. Энд түүний тэрэг эвдэрсэн учир онгоныг Ордосд байгуулсан." гэж Өвөрмонголын түүхчид бичиж тайлбарладаг байна. Энэ мэт үйлдэл нь түүхийг шууд гуйвуулж буй хэрэг гэж түүхч, доктор Х.Лхагвасүрэн хэлж байгаа юм.
Хэдийгээр түүхийн хувьд ач холбогдол багатай ч Ордосын онгон Чингис хааны нэр сүрээр дэлхий дахинаа хүмүүсийн анхаарлыг татсан аялал жуулчлалын томоохон төв болж чаджээ. Харин Их хааны өлгий нутгийн эзэд бид Чингис хаан гэж цээжээ дэлддэг хэрнээ түүхийнхээ эзэн нь болж чадахгүй байна гэж эрдэмтэд шүүмжилж байна.
Нууц товчоонд дурдагдсан түүхэн гол газрууд Монгол нутагт байна. 13 дугаар зууны үеийн түүхэнд хамаарах археологийн олдворууд маш ихээр олдсон. Тиймээс Монгол улсад Чингис хааны музейг байгуулах бүрэн боломжтой гэж манай судлаачид харж байна.
Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчид дөрвөн ч удаа Чингис хааны музейг байгуулах зарлиг гаргасан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрчээ. Чингис хаан дээд сургуулиас л гэхэд Их хааны нэвтэрхий толь, Дэлхийн монголчуудын түүх зэрэг боть номуудыг хэвлүүлж, археологийн олдворуудыг цуглуулах ажлыг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, музей байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Энэ талаар шийдвэр гаргагчдад асуудал дэвшүүлэн удаа дараа санал тавьж байна.
Чингис хааны музейг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ | ||
Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.