Шууд Chart

Тэнцвэргүй түншүүд: Еврази дахь БНХАУ ба ОХУ

2016-01-13 11:19:25

Уншигч та бүхэнд Олон улсын харилцаа судлаач, Шинэ Дэлигийн Энх Тайван ба Зөрчилдөөний шийдэл судалгааны төвийн зочин профессор Анита Индер Сингхийн "Тэнцвэргүй түншүүд: Еврази дахь БНХАУ ба ОХУ" нийтлэлийг МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" сувгийн гадаад мэдээний орчуулагч, редактор В.Ариунчимэгийн орчуулснаар хүргэж байна.


“Тэнцвэргүй түншүүд: Еврази дахь БНХАУ ба ОХУ”

БНХАУ болон ОХУ бүс нутагт тэргүүлэхийн төлөө өрсөлддөг ч хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Хятад, Оросын саяхан нэгэн зэрэг хийсэн стратегийн өөрчлөлтүүд ойр харилцааг нь илэрхийлснээс гадна АНУ-д мөн Еврази дахь тэдний хоорондын өрсөлдөөн, тэнцвэргүй түншлэлд нь сорилт бий болгов.

Тэд стратегийн өөрчлөлтүүдээ өнгөрсөн тавдугаар сард баталсан. Тавдугаар сарын 8-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвагийн Ялалтын парадын хүндэт зочноор уригдан, үүнээс хэдхэн өдрийн дараа тавдугаар сарын 11-нд БНХАУ, ОХУ Газар дундын тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтаа эхлүүлсэн юм. 10 хоног үргэлжилсэн цэргийн хамтарсан сургуулилтаар Орос, Хятад хоёр Америк ноёрхдог Газар Дундын тэнгист сүр хүч, хамтын зорилтоо харуулсан. Орос, Хятад хоёр Европ, Африк, Ойрхи Дорнодыг холбодог олон улсын усан зам болох Газар Дундын тэнгист Америкийн тэргүүлэх байр суурьтай өрсөлдөж байна. Нэг үгээр хэлбэл, БНХАУ, АНУ, Ази Номхон далайд цэргийн хүчээ байршуулж байгаатай адил алс холын Европын далай тэнгист цаашлаад “НАТО-гийн тэнгист” тэнгисийн цэргийн хүчээ нэмэгдүүлж чадна гэдгийг Бээжин санууллаа.

Хятад, Орос улсад нийтлэг зүйл олон бий. Хоёулаа АНУ-ыг өөрсдийнх нь эрх мэдэлд заналхийлэгч гэж хардаг, авторитар дэглэмтэй. Хоёулаа хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаантай байдаг бөгөөд бие биенийхээ газар нутгийн төлөөх тухайлбал, Украин, Төвөд, Япон, Филиппинтэй хийдэг маргаанд “дуугүй байх” зарчмыг баримталж байна. Тэдний маргах, өрсөлдөх сонирхол өөрсдийг нь тусгаарлагдмал байдалд хүргэдэг ч хоёулангийнх нь эрх мэдэл, хүч чадалд заналхийлж байна. Гэхдээ энэ хоёр улс Америк болон түүний НАТО-гийн холбоотнууд батлан хамгаалах салбарын төсвөө танах үеэс армийн зардаа нэмэгдүүлж эхэлсэн юм.

Мөн Хятад, Орос хоёр бие биедээ олон санал тавьж байна. Тухайлбал, үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдаа хийх нь аль аль талд нь ашигтай. Хоёулаа үсрэнгүй зах зээлийн бүлэг БРИКС, Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын гишүүд. Гэхдээ Хятадын хурдтай өсөлттэй эдийн засаг эдгээр байгууллагуудын аль алинд нь тавуу талыг олгож байна.


ОХУ-ын ашиг сонирхол

Улс төр, эдийн засгийн зайлшгүй шаардлагууд ОХУ-ыг БНХАУ-тай ойртоход түлхэц өгсөн. Эрчим хүчний үнийн уналт болон 2014 оны 3-р сард ОХУ Крымыг нэгтгэж авсны дараа тавьсан Барууны эдийн засгийн хориг арга хэмжээ Оросын эдийн засагт дарамт болж байна. ОХУ дэд бүтцээ шинэчлэх, цэргийн үйлдвэрлэлээ жигд байлгахын тулд зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлэхэд нь хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа. Нэгэн цагт Хятадад стратегийн зэвсгээ худалдаалах дургүй байсан Москваг өнөөдөр эдийн засгийн уналт нь түгшээж, саяхан хамгийн дэвшилтэт пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем болох ЭС-400-г Бээжинд санал болголоо. Ингээд БНХАУ энэхүү пуужингаас хамгаалах системийн анхны худалдан авагч орон болох нь. Үүнийг Тайвань, Япон, Энэтхэгийн зарим нутагт бай устгахад ашиглах боломжтой юм.

Си Зиньпин даргыг Москвад айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын "Нэг Бүс-Нэг Зам" стратегийг Оросын санаачилсан Евразийн Эдийн засгийн холбоотой уялдуулсан Евразийн эдийн засгийн орон зай бий болгож буйг зарласан юм. Евразийн эдийн засгийн холбоонд одоогоор ОХУ, Беларус, Казахстан, Армени, Киргизстан зэрэг орнууд багтаж байна. Путины энэ мэдэгдэл түүнийг таван жилийн өмнөх “Европыг тэлэх”, Лиссабоныг Владивостоктой холбон, Европын Холбоог Евразийн эдийн засгийн холбоотой хамтруулах гэсэн хуучин санаачилгаасаа ухарсныг илтгэсэн. Одоо Москва зүүн зүгт тэлэх бодлого явуулж байна.

2015 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зорилт нь хамтын орон зайдаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, капитал, ажиллах хүчний шилжих хөдөлгөөнийг чөлөөлөхөд оршиж байна.

Евразийн эдийн засгийн холбооны хамтын зах зээл нь дипломат зохицуулалт, стандартад оруулсан худалдааны байгууллагуудыг нягт уялдаатай болгох, чөлөөт худалдааны бүсүүд байгуулах зорилт дэвшүүлж буй Торгоны Зам Эдийн засгийн бүсийн хувьд чухал ач холбогдолтой юм. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь Хятадын эдийн засгийг өсгөх, Еврази дахь дипломат давамгай байдлыг ч бий болгох юм.

Путин, Си хоёр Москва хотноо 32 гэрээнд гарын үсэг зурсны дунд Москваг Казантай холбох төмөр замд Хятадын хөрөнгө оруулалтыг татах тухай гэрээ багтсан. Хэрвээ Москва, Бээжин хоёр төмөр замаа Казахстаны нутгаар Хятад руу тавихаар тохирвол энэ нь Хятадыг Ойрхи Дорнод, Европ тивийн зах зээлтэй холбох Торгоны Замын өөр нэг хувилбар болох юм.

2014 оны тавдугаар сард байгуулсан 400 тэрбум америк долларын гэрээ Оросын байгалийн хийг ирэх 30 жилд БНХАУ-д нийлүүлэх замыг зассан. Гэхдээ Москва, Бээжин хоёр байгалийн хийг Хятадын аж үйлдвэрийн төвүүдэд хэрхэн нийлүүлэх, Хятад Оросын байгалийн хийнд ямар өртөг төлөх вэ гэдэг дээр хараахан тохиролцоогүй байгаа. Эрчим хүчний их эрэлттэй Хятад улс Европын орнуудад өндөр өртгөөр зардаг Оросын байгалийн хийгээс илүүтэйгээр Туркменстаны хямд байгалийн хийг худалдаж авах нь хамгийн хожоотой наймаа байж ч болох юм.

БНХАУ бол Хятад-Оросын одоогийн энэ хамтын ажиллагаанд илүү хүчтэй түнш байх нь тодорхой байна. Оросын доройтол Хятадад үнэтэй эрчим хүч, зэвсэг, эрдэс бодисоос илүү ихийг санал болгож чадаагүйн нотолгоо мөн. Харин Бээжин Москвагийн учраа олохгүй байгаа энэ байдлыг Москвад их хэмжээний бэлэн мөнгө зээлэх, Орос улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжтой юм.


Газар дундын тэнгисийн хамтын ажиллагаа

Гэхдээ Хятад-Оросын тэнцвэргүй түншлэл эдийн засгаас илүү хөдөлгөгч хүчийг бий болгож байна. Сүүлийн хэдэн жилд Газар Дундын тэнгис Бээжингийн хувьд стратегийн чухал орон зай болсон. Газар Дундын тэнгист Хятадын стратегийг тогтворжуулахад түлхэц болох хүчин зүйлсийн нэг буюу дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн 70 хувь нь бий. Түүгээр ч зогсохгүй Хятадын дэлхийд тэргүүлэх сонирхол, түүний зах зээл, эрчим хүчний эх нөөцөө олон салаа, олон эх үүсвэртэй болгох хүсэл нь Хятадын эдийн засаг, түүний Азиас гадна Европын өмнөд, Африкийн хойд эрэг болон Персийн Булан хүрэх, баруун тийш тэлэх стратегийн ашиг сонирхлыг удирдан залж байна.

Газар Дундын тэнгис нь Хятадыг Төв Ази, Европ, Ойрхи Дорнодын зах зээлтэй холбох зорилготой Хятадын Шинэ Торгоны Замын баруун үзүүр нь. Өөрөөр хэлбэл, Шинэ Торгоны замд далайд гарах баруун зүгийн гарц хэрэгтэй байгаа. Тиймээс Хятадын компаниуд Грекийн Пирей, Францын Марселл, Испанийн Барселона зэрэг боомтуудтай адил ашигтай байршлуудад Газар Дундын тэнгисийн боомтуудыг шинэчлэн байгуулахад хувь нэмрээ оруулж байна. Израильд л гэхэд Газар Дундын тэнгисийн эргийн Тел Авив, Хайфа хотуудыг Европ, Персийн Булан, Зүүн Азийг холбодог далайн замуудын нэг болох стратегийн чухал байршилтай Улаан Тэнгисийн хойд эргийн Эйлат боомт хоттой холбох төмөр замыг Хятадын компаниуд тавьж байна. Африкд Хятадын компаниуд Улаан Тэнгис, Зүүн Африк, Африкийн Хойгт далайн тээврийн байгууламжуудыг сайжруулах зорилгоор Суданд томоохон Боомтыг байгуулж байна.

Эдийн засгийн ашиг сонирхол Хятадыг Газар Дундын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа. ОХУ-тай хамтран ажилласнаар БНХАУ Газар Дундын тэнгист нөлөөтэй байхын төлөө Барууны тэнгисийн цэргийнхэнтэй өрсөлдөх хандлагатай боллоо.


Төв Ази дахь стратегийн талбар

Хятад-Оросын өнөөгийн харилцаа Төв Ази дахь эдийн засгийн нөлөөллийн төлөөх өрсөлдөөнийг нь хараахан далдалж чадахгүй байна. Эдийн засгийн хувьд хүндхэн байгаа ОХУ Хятадын өгч чадах хөрөнгө оруулалт, зээлийг Төв Азийн орнуудад санал болгож чадахгүй. Үнэн хэрэгтээ Хятад улс Төв Азид гол зээлдүүлэгч байсан Оросыг энэ талбараас шахан гаргачихсан. Бээжингийн Төв Азийн тээвэр, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээнд хөрөнгө оруулалт хийх тодорхой шалтгаан нь сайн дэд бүтэц, тээврийн байгууламжууд нь Хятадыг Европын зах зээлтэй холбох, Казахстаны газрын тосны нөөц, Киргизстаны эрдсийн уурхай, Туркместаны үйлдвэрлэсэн байгалийн хийд хүрэх боломж бий болох зэрэг юм.

Төв Азийн бүх улс орон Евразийн Эдийн засгийн холбоонд нэгдэн орохын ашиг тусыг итгэл төгс хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь нэг талаараа Хятадад ашигтай байгаа. Төв Азийн зарим орнууд ОХУ Евразийн эдийн засгийн холбоог өөрсдийг нь дарахад ашиглаж, ханш нь улам унаж байгаа рублиэс хэтэрхий хамааралтай болгох вий гэдгээс болгоомжилцгоож байна. Гэхдээ Төв Азийн орнууд Хятад, Оросын хоорондын шинэ тоглоомонд идэвхтэй оролцогчид болсон. Бараг 10 жилийн өмнө, шинээр тусгаар тогтнолоо зарласан Төв Азийн таван орон олон зууны турш дарангуйлж ирсэн эзэнт улс Орос улсад газрын тос, байгалийн хийнийхээ дийлэнх хувийг нийлүүлэх зарчим үйлчилж байсан. Харин өнөөдөр Хятад руу эрчим хүчээ нийлүүлэх шинэ боломж бий болж байна. Хоёр жилийн өмнө Си Зиньпин Туркменистаны баруун өмнөд Галкынышд дэлхийн хоёр дахь том байгалийн хийн ордыг нээсэн юм. Дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө дөрөвдүгээрт бичигддэг Туркменистан энэхүү ордоос эхний олборлолтыг хийснээ зарласан ч экспортын шинэ зам эрэлхийлэх болсон юм.

Энэ хооронд Хятадын Казахстаны эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт Казахстаны газрын тос, байгалийн хийн салбарт компаниудынхаа оролцоог хадгалах сонирхолтой байдаг ОХУ-ын дургүйг хүргэв.

Бээжингийн Төв Азийн нутгаар тавих төмөр зам, автозам, хийн хоолойн төслүүдийг санхүүжүүлэх 16.3 тэрбум америк долларын төлөвлөгөө Хятад-Төв Азийн өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх хандлагатай болголоо. Хятад улс Төв Ази-Хятад чиглэлд байгалийн хийн хоолойн сүлжээг байгуулж байна. Энэхүү сүлжээ нь Узбекстаны хил дагуу Туркменистанаас эхлэн Узбекстан, Киргизстан, Казахстаны нутгаар дамжин, Хятадын баруун бүсийн Шиньжян мужид хүрч байгаа. Өнгөрсөн онд БНХАУ Тажикстанаас Шиньжян муж хүртэл байгалийн хийн хоолой тавих бүтээн босголтыг эхлүүлсэн. Мөн өөр хийн хоолойгоор Казахстаны нутагт Каспийн тэнгисийн эргээс Шиньжян мужид газрын тос нийлүүлэхээр төлөвлөж байна.

ОХУ стратегийн тэнхлэгээ зүүн зүгт эргүүлсэн ч Төв Ази дахь нөлөөгөө хадгалахыг чармайж байна. Харин Хятад улс Евразийн их гүрэн болох зорилттойгоор баруун зүгт тэлэх бодлого баримталж байна. Энэ хоёр улс хамтын орон зай эрэлхийлэн, эдийн засаг, цэрэг армийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа нь зөвхөн Төв Ази дахь ашиг сонирхлын өрсөлдөөнийг нь л харуулж байна.

Нэг нь дэлхийн их гүрэн байсан. Нөгөө нь дэлхийн их гүрэн болохыг зорьж байгаа энэ хоёр улс бие биедээ найрсаг хандаж, хоёр талдаа ашигтай стратеги санал болгох болсон нь Евразид тэргүүлэгч байр суурьтай болохын төлөөх өрсөлдөөнд аль хэдийнэ татагдан орсныг илтгэнэ.

Эх сурвалж: Дипломат цахим хуудас

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Тэнцвэргүй түншүүд: Еврази дахь БНХАУ ба ОХУ  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй