
Засгийн газраас пүрэв гараг бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо. Тэрбээр энэ үеэр хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг хэллээ.
Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20.0 мян тн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.
Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажиллаж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын найман муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.
Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн нэг оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.
18 сая төл хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.