Шууд Chart

Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад чиглэл өглөө

2016-01-15 14:36:09

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр аймгийн удирдлагуудтай хийсэн цахим хурлаар Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар аймгуудын өвөлжилтийн талаарх мэдээллийг сонсож, хүндрэлийг давахад шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцлаа. Дээрх аймгуудын ихэнх сумдад цасны зузаан тал газраа 2-12 см, уулархаг нутгаараа 20-40 см-т хүрч сүүлийн хэд хоногт хүйтний эрч эрс чангарч байгаа тул өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Орон нутгийн удирдлагууд аймгийн Засаг даргын мэдлийн өвс, тэжээлийг сум, багуудад хүргүүлж дууссан, ирэх долоо хоногт Улсын нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Зарим сумдад хүрэх зам харгуй хаагдсанаас том оврын машинаар зам гаргаж байна. Сүхбаатар аймгийн 5 суманд цэцэг өвчин гарсан бөгөөд вакцины хүрэлцээ муу байгааг анхаарч өгөхийг хүссэн бол нийт аймгууд өвөлжилтийн хүндрэлийг давахад тусгагдсан санхүүжилт орж ирэхгүй байна гэлээ. Мөн малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас тэжээлийн үнийг хямдруулж, зээлээр авах хүсэлтэй байгааг аймгийн удирдлагууд уламжиллаа.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 гаруй сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумдад зудархуу, бүх нутгаар цасан хучлага 10-40 см байна. Ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах, хил залгаа аймаг, сумд мэдээллээ харилцан шуурхай солилцож,  зам арчилгаа, отроор өвөлжиж байгаа мал, малчин, Улаанбаатар хотруу тээвэр хийж байгаа машин техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд хүн хүч, техникийн тусламжийг бэлэн байлгахыг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт үүрэг болголоо. Аймгуудаас тавьсан саналуудыг нэгтгээд нэн чухал шаардлагатайг эхний ээлжинд шийднэ. Мөн өвөлжилтөөс гадна мал төллөлт, хаврын тариалалт зэрэгт анхаарах, тэргүүний аймаг, сум шалгаруулах материалаа ойрын хугацаанд ирүүлэх, нийслэлийн жишгээр Төрийн нэгдсэн үйлчилгээг нэг цэгээс хүргэх ажлын бэлтгэл хангах хэрэгтэйг анхаарууллаа.


Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад чиглэл өглөө  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй