Шууд Chart

Зочид буудлуудыг захиалгын нэгдсэн системд хамруулна

2016-02-01 10:25:33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалдаг АСЕМ-ын Байр, зочид буудлын ажлын хэсгийн 21 дэх хуралдаан нэгдүгээр сарын 13-нд Төрийн ордонд боллоо.

Хуралдаанаар төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын захиалгын систем, хоол хүнсний аюулгүй байдал, зочдод үйлчлэх нэгдсэн стандарт болон Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж буй зочид буудлын үйлчилгээний ажилтны мэргэшүүлэх сургалтуудын ажлын хэсгийг зохион байгуулах зэрэг асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх төлөөлөгчдийг байрлуулах 47 буудлыг захиалгын нэгдсэн системд хамруулах талаар санал солилцож, тус чиглэлээр ажилладаг дотоодын компанийн санал, төсөлтэй танилцлаа. Ингэхдээ буудлын төлбөр тооцоо, гадаад гуйвуулга, зочид буудлуудын танилцуулга зэрэг нь олон улсын стандартын дагуу байх ёстойг сануулаад, зочид буудлын захиалгыг уулзалтад оролцох төлөөлөгчдийн нэгдсэн бүртгэлтэй уялдуулж, цогцоор шийдэх боломжийг судлаж, эцсийн шийдлийг гаргахыг П.Цагаан дарга албаны хүмүүст даалгалаа.

АСЕМ-ын үйлчилгээ бүрт эрүүл, аюулгүй байдлын баталгаа бүхий хоол хүнс, бараа бүтээгдэхүүн орж байгааг баталгаажуулах нано технологи бүхий соронзон наалтыг ашиглах талаар дотоодын компанийн саналтай мөн танилцаж, Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллах боломжтойг хэллээ.

Түнш зочид буудлуудын хоол хүнсний стандартыг ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газартай хамтран баталж, үндэсний нэрийн хоол гаргах ажлыг яаравчлахыг ажлын хэсгийн хурлаас үүрэг болголоо. Мөн уулзалтын үеэр түнш зочид буудлуудад үндэсний соёл урлагийн тоглолтуудыг зохион байгуулж, түүх соёлоо сурталчлах хэрэгтэйг сануулав.

Түүнчлэн Хөдөлмөрийн яамтай хамтран зочид буудлын үйлчилгээнд ажиллахаар сонгогдсон 800 хүнийг мэргэшүүлэх, 600 сайн дурын үйлчилгээний ажилтан бэлтгэх, зохион байгуулалтад ажиллах 1800 ажилтныг дадлагажуулах сургалтууд болон  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг хариуцсан ажлын хэсгүүдийг ахалж ажиллах хүмүүсийг томиллоо.


Зочид буудлуудыг захиалгын нэгдсэн системд хамруулна  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй