
Увс нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит, цуврал барилдааны энэ удаагийнх Зүүнхангай сумын харьяат, Монгол Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит болж, өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” компанийн бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай нар шалгарлаа.
Сонирхуулахад, нэгийн давааны дараа барилдаанд хүч үзсэн 256 бөхөөс хоёрыг тодруулахад Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Өвөрхангай аймгийн харцага Х.Энхчулуун нар азтан болж, тус бүр 200 мянган төгрөг Д.Жанчивдорж начны өөрийнх нь бичсэн "Хан Хөхийн Ламжав аварга" номыг гардаж авлаа.
Барилдааныг МҮБХ, “Увс нуур” дэвжээ, Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл, Д.Жанчивдорж начны ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь тун өргөн дэлгэр зохион байгуулсан агаад Д.Жанчивдорж начин өөрийн зүгээс "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Зүүнхангай сумын уугуул, аймгийн заан Б.Болдбаатар нар өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Харин уран барилдааны шагналыг Баянхонгор аймгийн заан М.Батцэнгэл хүртсэн.
Д.Жанчивдорж начин өөрийн багш, улсын арслан Л.Сосорбарам, улсын начин Д.Баатаржав нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулснаас гадна өөртэйгээ нэгэн үед бөхийн дэвжээнээ хүчийг үзэн барилдаж явсан улсын харцага Ж.Бор, Л.Бадарч, улсын начин Г.Жалаа, Л.Цэвээн нарт мөн хүндэтгэл үзүүлж, Сар шинийн ширээ өнгөлөх хэвийн боов, бууз гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүллээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.