Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 3-нд хуралдаж, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах цогцолборын үйлчилгээ болон түнш зочид буудлуудад тавигдах стандарт, түүнийг хэрэгжүүлэх зэрэг асуудал хэлэлцлээ.
“АСЕМ вилла” цогцолборын барилга, тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд Дээд түвшний уулзалтад ирэх төрийн тэргүүн, өндөр хэмжээний төлөөлөгчдийг байрлуулах тусгай стандарт гаргаж, мөрдүүлэхээр ажиллаж байна. Үйлчилгээний болон байрлах хөлсийг эцсийн байдлаар тогтоогүй, одоогоор судалгаа хэлэлцүүлгийн түвшинд байна.
Мөн өмнөх хурлаас өгсөн үүргийн дагуу Стандартчилал, хэмжил зүйн газрын хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавигдах шаардлагыг үндэслэн 12 бүлэг, 80 заалт бүхий ерөнхий үзүүлэлт гаргаснаа урьдчилсан байдлаар танилцууллаа. Эдгээр шаардлагад холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал авч, ойрын хугацаанд баталгаажуулан түнш 47 зочид буудалд хүргүүлэхийг ажлын хэсгийн дарга П.Цагаан үүрэг болголоо.
Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны агентлагаас ирүүлсэн АСЕМ-ын хурлын байрны зохион байгуулалт, зочдод үйлчлэх аюулгүй байдлыг хангах, хэвлэл мэдээллийн зохион байгуулалт, маркетинг болон сурталчилгаа хийх зэрэг олон улсын хурал, уулзалт зохион байгуулахтай холбоотой практик мэдлэгийн сургалт явуулах тухай санал, хөтөлбөрийг ажлын хэсэг мөн хэлэлцсэн бөгөөд холбогдох албаны хүмүүстэй биечлэн уулзаж шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.