Шууд Chart

Д.Цэрэнжигмэд: Сүүлийн үед унаган адуугаараа наадахыг хүсдэг болсон

2016-02-04 16:51:00

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач, “МАКС” группийн дэд ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдтэй цөөн хором ярилцлаа.

-Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Танд Сар шинийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд ч энэ их дэлгэр сайхан баярын мэндийг хүргэе. Та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байгаарай.

-2015 онд таны сойсон хүлгүүд хэрхэн хурдалсан бэ. Сэтгэлд тань хүрэв үү?

-Хүрэлгүй яах вэ. Өнгөрсөн жил ах, дүү гурвын алтан туурайт сайхан хурдалсан. Улсын баяр наадмын их насанд миний сойсон шарга, хамар цагаан халтар морь айргийн гурав, дөрөвт давхисан. Мөн Д.Ганбаатар дүүгийн маань зээрд соёолон, бага дүү Д.Жамьяаны эрлийз халиун азарга түрүүлж, баяр дээр баяр нэмсэн. Манай гал Улсын баяр наадмаас таван түрүү, долоон айраг хүртсэн.      

-Мөн АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон хурдан морьдын "Breeders cup-2015" дэлхийн аваргын уралдаанд Д.Ганбаатар дүүгийн тань “Mongolian Saturday” хүлэг түрүүлсэн нь моринд хорхойтой элэг нэгт биднийг баярлуулсан. Таны сэтгэгдэл ямар байсан бэ?

-Тийм. Дээрх уралдаан 32 дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Энэ үйл явдал манай улсын төдийгүй Ази тивээс энэ уралдаанд анх удаа түрүүлсэн тохиолдол юм. Бидний хувьд баярт мөч байлаа.   

-Энэ хүлгийн уяа сойлгыг улсын алдарт уяач Э.Ганбат тааруулдаг. Түүнийг одоо хаана байгаа бол гэж хурдны моринд сонирхолтой олон хүн асуудаг?

-Одоогоор АНУ-д амьдарч байгаа. Тэр улсаасаа хамгийн анх олон улсад хурдны морь уях эрх авсан хүн.  

-Д.Ганбаатар та хоёрынхоос өөр хүний морийг уядаг уу?

-Үгүй. Гэхдээ Америк болон бусад улсын бизнесменүүд сүүлийн үед түүгээр мориныхоо уяа сойлгыг тааруулуулах хүсэлт маш ихээр ирүүлж байна гэсэн.

-Нууц биш бол та хоёр түүнийг сард хэдэн ам.доллараар цалинжуулдаг вэ?

-Миний морь дээгүүр давхилаа гэхэд би түүнд шагналынх нь тэдэн хувийг өгнө гээд дур мэдэж болохгүй. Аль нэг улсад дээрх уралдаан болвол тухайн улсын зохион байгуулагчид уяач, жоки нарт шаардагдах бүх зүйлийг шагналын тэдэн хувийг хүртээнэ гээд заасан байдаг юм билээ. Дээрх уралдаанд уяач, жоки хоёрт тус бүр нь 10 хувийг хүртээсэн. Харин сарын цалинг бид тохиролцоод олгож байгаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын уралдааны шагналын сан нэг сая ам.доллар байсан. Биднийг шагналаа гардаад зогсож байхад Хонгконгийн морин спортын холбооны удирдлагууд утсаар холбогдож, урилга илгээсэн. Иймэрхүү уралдаанд биднийг урилгаар оролцуулбал зохион байгуулагч орон бүх зардлыг хариуцдаг.

-Одоо та нар морио хаана уралдуулахаар зэхэж байна вэ?

-Ирэх гуравдугаар сарын 26-нд болох “Duwen cup” уралдааны урилга ирсэн. Энэ мөн л дэлхийд дээгүүр зэрэглэлтэй уралдаан. Тухайн үед морины маань уяа сойлго таарсан бол оролцоно.

-“Mongolian Saturday” хүлэг та хоёртой ямар тохиолдлоор учирсан юм бэ?

-АНУ-д 1000, 10, таван мянган дааганы дуудлага худалдаа олон болдог. Тухайн дааганы угшил, зүсийг гурван номонд тодорхой бичсэн байдаг. Нэгдүгээр номонд нь хамгийн үнэтэй, угшил сайтай дааганы түүх багтсан байдаг бол хоёр ба гурав дахь номонд арай хямд, угшил нь нэг их сайнгүй даага эрэмбэлэгдсэн байх жишээтэй. Таван жилийн өмнө бид энэ даагаа худалдаж авахдаа мөнгөнийхөө боломжоос шалтгаалаад хамгийн хямдаар зарагддаг гурав дахь номонд нь орсон дааганаас харж байгаад 60 мянган ам.доллараар худалдаж авсан. Гэхдээ бидэнтэй Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Онон ах явсан болохоор бидэнд энэ адууг санал болгосон.

-Д.Онон уяач ямар шинжийг нь илүү онцолсон юм бол?  

-“Махны ширхэг том, арьс нь нимгэн юм. Энэ гайгүй давхих байх” гэж хэлсэн. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын уралдаанд түрүүлэхэд АНУ-ын уяачид “Гуравдугаар номонд багтсан даага ийм хурдан байх гэж үү. Тэгээд ийм богино хугацаанд хурдан хүлэг гэдгээ харууллаа шүү дээ” гээд гайхаж байсан.   

-Цагаан сарын дараа хаврын уралдаан эхэлнэ. Танай галынхан хаана наадах бодолтой байна вэ?

-Энэ жил өвөлжилт хүнд, хүйтэн байгаа болохоор манайхан яг тэнд уралдана гэсэн төлөвлөгөө гаргаагүй байна. Тэгээд ч ММСУХ-ны зүгээс “Дүнжингарав-2016”-аас эхлээд бусад уралдааны товыг зарлаагүй болохоор одоогоор ямар нэгэн шийдвэрт хүрээгүй сууна. Дээрх холбооноос тодорхой хариу гарвал аль болох унаган хүлгүүдээ сойж олон удаа уралдаанд оролцохыг хичээнэ дээ. Энэ жил улсынхаа их баяр наадамд ч унаган хүлгээ сойх бодолтой байгаа. Өнгөрсөн жил улс, бүс, аймгийн наадамд уралдуулах гэж байгаад өнжөөж, давхил үзүүлсэн нэлээн хэдэн хүлэг бий. Удам сайтай болохоор гайгүй давхих байх гэж бодож байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Цэрэнжигмэд: Сүүлийн үед унаган адуугаараа наадахыг хүсдэг болсон   
Үзсэн: 2971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-02-17 15:18
Монголчууд хятадууд хоол хийдэг шиг Морьны ухаанаа системчлэн нууц урлаг болгож тогтвортой хөгжүүлж чадах болов уу
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-02-14 14:02
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй