
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны бага сунгаа өчигдөр боллоо. Тус наадмын гол давхил Цагаан хөтөл, 61-ийн гарамд болдог. Цагаан хөтөлд болсон азарганы уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбатын уяаны азарганууд тархинд уралдав. Гэхдээ уржигдар тод манлай уяач Д.Онон бусад уяачийн хамт тусдаа давхиулахад түүний янзага зээрд түрүүлсэн байна. Өчигдрийн сунгааны их насанд Монгол Улсын алдарт уяач Б.Ерөөлтийн халзан, тод манлай уяач Ц.Батсайханы бор, Х.Түмэнбаярын хонгор, “Торгоны зам” компанийн захирал Ц.Гантөмөрийн бор, соёолонд “Макс” галын ажнайнууд хөтөлж уралдлаа.
Харин 61-ийн гарамд болсон сунгаанд Х.Баярбатын хээр түрүүлсэн юм. Энэ азарга өнгөрсөн жил Төв аймгийн болон “Даншиг наадам -Хүрээ цам” шашин ёслолын наадамд түрүүлсэн билээ. Аман хүзүүнд өнгөрсөн жил зохиогдсон Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит уралдаанд айрагдсан, улсын сайн малчин П.Гөлөгөөгийн буурал духт, тод манлай уяач, “Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадоржийн шөвгөр зээрд хурдаллаа. Энэ азарга өнгөрсөн жил “Говь шанхын хурд-5” уралдаанд түрүүлж, ММСУХ-ны ойд зориулсан наадамд аман хүзүүдсэн юм. Шөвгөр зээрдийн ташаан толгойг дэрлэж, барианд орсон азарга бол аймгийн алдарт уяач У.Ганхүүгийн зээрд халзан. Их насанд Монгол Улсын заан Д.Амгаланбаатарын зээрд, уяач Б.Амарбаясгалангийн халзан, соёолонд улсын алдарт уяач Т.Ихбаярын уяаныхан өнгөлөв. Дунд давхил 20-нд болох ч уяачид морьдынхоо уяа сойлгоос шалтгаалж, өөр өдөр, өөр газар ч зохион байгуулж байгааг дуулгах хэрэгтэй болов уу. “Дүнжингарав-2016” наадам энэ сарын 28-нд Цагаан хөтөлд болно.
“Дүнжингарав-2016” уралдааны бага сунгаа боллоо | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.