
Долоо хоног бүрийн пүрэв гарагт Засгийн газрын гишүүд ээлжлэн “Сайдын цаг” уулзалтад оролцож салбартаа хийж буй бүтээн байгуулалт, үйл явцын талаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон “Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.
Тэрбээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Арбитрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр болжээ.
Эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хууль сахиулахын их сургууль болон хуулийн бусад сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулга, арга барилыг шинэчилж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсын архив түүхэндээ анх удаа олон улсын жишигт нийцсэн, зориулалтын байртай болсон, тус газрын хуучин байранд Тахарын ерөнхий газрыг нүүлгэн оруулж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч, гуравдугаар сард ашиглалтад орохоор болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.
Д.Дорлигжав: Өнгөрсөн онд хууль зүйн салбарт 12 хууль батлагдсан | ||
Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.