АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 17-нд болж, дээд хэмжээний төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын захиалгын систем, “АСЕМ вилла”-гийн үйлчилгээ болон бусад асуудлыг хэлэлцлээ.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх төлөөлөгчдийг байрлуулах 47 зочид буудлын захиалгын нэгдсэн системийг дотоодын “Ай-хотел” компани хийхээр болж, загвараа урьдчилсан байдлаар танилцууллаа. Тус системийг АСЕМ-ын албан ёсны вэб сайт аsem11.mn-тэй холбож, төлөөлөгчдийн нэгдсэн бүртгэлтэй уялдуулах боломжийг судалж, дараагийн хурлаар танилцуулахыг уг ажлын хэсгийн дарга П.Цагаан үүрэг болголоо.
Уулзалтад оролцох төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний 200 гаруй зочинг байрлуулахаар төлөвлөсөн “АСЕМ вилла” цогцолборын барилга, тохижилтын ажил ерөнхийдөө дууссан бөгөөд ажлын хэсгээс гаргасан шаардлага, стандартын дагуу үйлчилгээний ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгох аж. Түүнчлэн өрөөний тохижилт, хоол хүнс, ахуйн хэрэглэл болон үйлчилгээний ажилтнуудын хувцас зэрэгт үндэсний хэв шинжийг тусгах хэрэгтэйг П.Цагаан дарга санууллаа.
Мөн хүндэтгэлийн хүлээн авалт болох “Их Тэнгэр” цогцолборын дотоод засал, инженерийн шугам сүлжээний засварын ажлыг яаравчилж, үндэсний хэв шинж бүхий таатай орчинг бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
АСЕМ-ын дагалдах есөн хурлаас дөрвийг нь Төрийн ордны Их танхимд хийх учир хурлын танхимын агааржуулалт, гэрэлтүүлэг, цахилгаан холбоо зэрэг шаардлагатай инженер, техникийн засварын ажлуудыг даруйхан эхлүүлэхээр болов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.