Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 15 дугаар хуралдаан хоёрдугаар сарын 17-нд болж, зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийн явц, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд түнш зочид буудлууд болон “АСЕМ Вилла” цогцолборт олгож буй зээлийн явцтай Ерөнхий сайд танилцаж, зарим удаашралтай асуудлыг шуурхайлах талаар холбогдох хүмүүст даалгалаа.
Хурлын үеэр АСЕМ-ын 20 жилийн ойн үеэр Чингисийн талбайд болох хүндэтгэлийн тоглолтын хөтөлбөрийг танилцуулж, Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналыг сонслоо. Тэд тоглолтыг аль болох үндэсний хэв маяг шингээсэн, гэхдээ орчин үеийн урлагаас орхигдуулалгүй, хэт нүсэр биш энгийн байдлаар зохион байгуулахыг санал болгов.
Мөн, АСЕМ-ын төлөөлөгчид байрлах зочид буудлууд болон арга хэмжээ зохиогдох газруудад ноос ноолуур, арьс савхин эдлэл, гар урлал зэрэг монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн зарж борлуулах цэг байгуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг үүрэг болголоо.
Дээд түвшний уулзалтын талаар иргэдэд бодит мэдээлэл өгөх зорилгоор тодорхой хэлбэрүүд бүхий мэдээлэл, сурталчилгааны ажил хийгдэх бөгөөд үүнд шаардагдах төсвийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Мөн Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд зориулж “Шангри Ла” зочид буудалд ажиллуулах “Хэвлэлийн төв”-д шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр БСШУЯ-тай хамтран ЕБС-ийн болон их дээд сургуулиудад АСЕМ-ын түүх, онцлог, хэтийн зорилгын талаар “АСЕМ гэж юу вэ” сэдэвт сургалт, семинар зохион байгуулахыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст даалгалаа.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.