Шууд Chart

“АСЕМ-ын өдөр”-ийг Монгол Улсаас эхэлж тэмдэглэхээр боллоо

2016-02-24 16:29:50

АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсантай холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон юм. Үүний дагуу Монгол Улсаас эхлэн энэ гуравдугаар сарын 1-нд “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж эхэлнэ.

12776677_1283374578345176_1354237112_oМанай улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойг зохион байгуулах орны хувиар уг өдрийг АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дотоод, гадаадын олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд тэмдэглэх нь зүйтэй хэмээн хоёрдугаар сарын 23-нд ГХЯ-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн хуралдаанаас тогтлоо.

“АСЕМ-ын өдөр”-өөр дунд сургуулийн сурагчдад зориулсан видео хичээл, “АСЕМ Монголд” сэдэвт ТВ хэлэлцүүлэг, мөн АСЕМ-тай холбогдох үйл явдал, бэлтгэл ажлын талаар сэтгүүлч, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байранд нээх зэргийг төлөвлөж байна.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь АСЕМ-ын гишүүн орнууд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд АСЕМ-ын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ач холбогдлыг таниулах зорилготой бөгөөд энэ жил тохиож буй  АСЕМ-ын 20 жилийн ойг угтаж зарим улс  гуравдугаар сарын 1-нд олон нийтийг хамарсан ажлууд зохиохоор төлөвлөжээ.

Тухайлбал, Тайландад АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж гуравдугаар сарын 1-6-нд үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна. Швейцарийн Гадаад хэргийн яамнаас АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг хийх бөгөөд манай улсад хандаж АСЕМ-ын түүх, ач холбогдол, ирээдүйн чиг хандлага, АСЕМ-ын талаарх байр суурь, хамтран ажиллах боломж зэргийн талаар хамтарсан нийтлэл бичиж, “АСЕМ-ын өдөр”-өөр олон нийтийн хүртээл болгох санал тавиад байгаа аж.


“АСЕМ-ын өдөр”-ийг Монгол Улсаас эхэлж тэмдэглэхээр боллоо  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй