Шууд Chart

Хурдан удамт хүлгүүд эзэддээ очлоо

2016-02-24 16:30:56

“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан болох гэж буй тул хурдан морь сонирхогчид энэ уралдаан руу анхаарлаа хандуулж байна. Гэхдээ зарим газар хурдан удмын хүлгүүд эздээ олоод байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Б.Нямсүрэнгийн дов өндөртэй хонгор морийг Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий хэдхэн хоногийн өмнө худалдаж авсан байна. Түүнчлэн өнгөрсөн жил Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн даншиг наадмын хязаалан насанд айрагдсан М.Ганболдын хонгор үрээг “Сод Монгол” гурппын Ерөнхийлөгч Ц.Анандбазар эзнийх нь хэлсэн үнээр өөрийн болгожээ. Мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Ц.Чимэдбавуугийн мөлүү чихтэй хар азарга, шинийн 15-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохиогдсон тус аймгийн баруун бүсийн уралдааны соёолон насанд түрүүлсэн Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Амармөнхийн хээр үрээг уяач Т.Тогтохжаргал худалдан авав. Т.Тогтохжаргал нь 2004 онд “Их хурд” уралдаанд хэд хэдэн насны морь унаж уралдахдаа хоёр хүлгээ түрүүлүүлснээр тухайн үеийнхээ шилдэг уралдаанч хүүгээр тодорч байлаа. Харин өдгөө сайн уяач болж байгаа аж. “Жигүүрт хөлөг” ХХК-ийн захирал Б.Уламбаяр Сүхбаатар аймгийн Онгон сумаас их насны хонгор халзан морь худалдан авч сойж байгаа гэнэ.

“Дүнжингарав”-аас эхлээд ирэх зуны Улсын баяр наадамд яарсан уяач, бизнесменүүд энэ мэтчилэн нутгийн холд түүртэлгүй, аль ирээдүйтэй гэсэн алтан туурайтыг бэл бэнчингээ харамлалгүйгээр худалдан авч байна.     

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хурдан удамт хүлгүүд эзэддээ очлоо  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй