Шууд Chart

“Илгээлтийн эзэд” аян эхэллээ

2016-03-03 15:40:08

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хэвлэлийн бага хурал хийж, “Илгээлтийн эзэн” аяныг эхлүүлж байгаагаа мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр  энэ долоо хоногийн сүүлчээс нийт нутгийг хамарсан 24-28 метр секунд хурдтай цасан шуурга шуурна. Завхан аймгийн хойд талын таван суманд хагас метр зузаан цас орж, зам хаагдаад байна. Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт цас ихтэй, хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Цас их орж, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах аян өрнүүлж байгаа С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллана гэж Онцгой байдлын  ерөнхий газрын дарга Т.Бадрал хэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мөн санаачилгыг дэмжин “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд нэг буман нэмнээг малчдад нийлүүлж, нэг түмэн оюутан хөдөө гэртээ очиж мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлнэ гэж тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг хэллээ. “Малчин оюутан” аяны хүрээнд хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоогоор хангах юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт зохион байгуулж, тоглолтын орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөх болсноо хэллээ.


“Илгээлтийн эзэд” аян эхэллээ   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй