
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2016 оны гуравдугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээг Онцгой байдлын ерөнхий газар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон удаагийн давтамжтайгаар, дуут дохиоллын цамхагаар хуваарийн дагуу явуулж байна. Мөн Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбогдуулан нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт онцгой байдал, цагдаагийн нийт 20 албан хаагч, 13 авто машинтайгаар тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэж байна.
Шадар сайд Ц.Оюунбаатар зарим аймгуудаас мал олноороо цасанд дарагдсан, хүчтэй цасан шуурганы улмаас айлын гэр нурсан тухай мэдээллүүд ирсээр байгааг дурдаад малчид, ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар байтал бага насны хүүхдээ дагуулж, нимгэн хувцастай, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр аян замд гарах явдал гарсаар байна гэлээ. Иймээс үүсээд байгаа цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг чиглэл өгч, удирдлагаар ханган ажиллаж байна гэж танилцуулав.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.