Шууд Chart

Ерөнхий сайд шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ

2016-03-07 15:29:41

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар, салбарын олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлөн, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлагч 21 эмэгтэйг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэлээ. Мөн “Энд хүрэлцэн ирээгүй ч улс эх орныхоо хөгжлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулж байдаг Эрхэм хүндэт ээжүүд, элбэрэлт буурай эмээ нар, Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүддээ та бүхнээр уламжлан халуун  мэнд хүргэж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.

Монголын түүхэнд  тод мөрөө үлдээж өрх гэр, төрт ёс, нийгмийн үнэт зүйлд цэгнэшгүй их хувь нэмэр оруулсан домогт Алунгуа, Өүлэн эх, Бөртэ хатан, Есүй, Есүгэн, Хулан хатан, Дөргөнө, Сорхогтани Бэхи,  Агул хаймш хатан, Мандухай сэцэн, Ану хатан, Тайхал хатан нарын нэрийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд бид энэ өдөр дуурсах ёстой. Төрийн хэрэг эрхлэхэд ухаант хатдын үгийг анхаарч, хүндэтгэн сонсох уламжлал эртнээс тогтсон төдийгүй улс орны чухал шийдвэр гаргах үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байж ирснийг манай улсын баялаг түүх өгүүлдэг гэж Ерөнхий сайд хэллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх санаачилга гарснаас хойш 106 дахь жилдээ дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж ирлээ. 

Монгол Улсын төрөөс эмэгтэйчүүдийн эрхийг хангах, тэднийг хөгжүүлэх асуудлаар тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратегийг (2013-2016) тус тус батлан хэрэгжүүлж байна. Эдгээр хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар эмэгтэйчүүдийн төдийгүй, олон мянган охид, хүүхдийн эрх давхар хамгаалагдаж байгаа юм.

Цаашид ч Засгийн  газраас охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүхий л талаар хамгаалан, хангах талаар одоо байгаа болон цаашид ч авч хэрэгжүүлэх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрөө сайжруулан хэрэгжүүлэх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Английн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчэр “Үр дүнг нь харъя гэж бодож байгаа бол эмэгтэйчүүдэд даатга” гэсэн үгийг Ерөнхий сайд тэмдэглээд айл өрх, улс орны гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, эхчүүддээ хөгжил дэвшил, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Нэмж мэдээлэхэд, манай улсын дээд боловсрол эзэмшигчдийн 56.8, магистр, докторын зэрэг эзэмшигчдийн 60.7, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын 44.4, боловсролын салбарын нийт ажиллагсдын 79.3, эрүүл мэндийн салбарын 87.1, нийт малчдын 46.8, уул уурхайн салбарт ажиллагсдын 10.4, төрийн захиргааны байгууллагад ажиллагчдын 57.6,төрийн нийт албан хаагчдын 44, манай улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцогсдын 2.9, Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломатчдын 12, хууль тогтоох дээд байгууллага УИХ-д 14.4, Монголын нийт ажиллах хүчний 52.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүд нийгмийн амьдралын бүх салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлж байна.


Ерөнхий сайд шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй