Шууд Chart

Дууны найруулагч дуучны авьяастай

2016-03-07 16:34:05


МҮОНРТ-ийн хамт олон болон гавьяаныхаа амралтанд байгаа ахмадууд, найз нар, Монголын бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.

Өнгөрсөн 2015 он бол миний хувьд маш одтой сайхан жил байлаа. Би улсдаа 34 жилийн 30 жилд нь л гэхэд зөвхөн энэ студид л ажилласан байх юм. Олон жилийн хөдөлмөр бүтээлийг маань хамт олон, төр засаг маань өндрөөр үнэлж, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн гэсэн өндөр цолыг надад хайрласан юм.

Одоо би өөрийн гэсэн олон шавьтай, сайхан хамт олныхоо дунд ажиллаж байгаадаа тун ч баяртай явдаг. Он жилүүд хичнээн өнгөрсөн ч түүх бол түүхээрээ л үлддэг юм байна. Олон жилийн өмнө өгсөн энэ ярилцлага маань ч бас түүх юмдаа...  


МУСГЗ,  дууны найруулагч, инженер Л.Сүрэнхорлоо

МҮОНТ-ийн уран бүтээлчдийг ард түмнийхээ сэтгэл зүрхэнд оюун санааны томоохон цэцэрлэг тарьж, ургуулж байдаг гэвэл түүнийг үүрийн гэгээнээс, үдшийн бүрэнхий хүртэл арчилж тордож байдаг олон "цэцэрлэгч" бий. Тэдний нэг телевизийн киноны төгсгөлд ажил мэргэжил, алдар цол нь үргэлж сонсогдож байдаг үзэгч олны эчнээ танил "Дууны инженер Ламжавын Сүрэнхорлоо" юм. Тэрбээр Завхан аймгийн Улиастай хотын уугуул бөгөөд ар, өвөртөө хэдэн дүүгээ үүрч дүүрч өсгөсөн айлын "том ажаа" нарын нэг.

Дуулах дуу, дугтрах хүчээ мөнхийн буурал тэргүүнтэй Очирваань уул, ханан сүлжээ хээтэй Чигэстэй голоосоо сэлбэж явдаг. "Мятрашгүй Жулия", "Хатан хаан Си Си", "Нэгэн хатан хааны түүх", "Мөнхийн хайр сэтгэл", "Амьдралын хүрд", "Өргөст модны шувуу",  "Титаник", "Гладиатор" зэрэг дэлхийн сонгодог олон кинонд монгол орчуулга хийхэд дууны инженерээр ажилласан.

- Анхны бүтээл ер нь сэтгэлээс гардаггүй дээ?

- Тийм шүү. "Дуу бичлэгийн студи" гэдгийг одоогоос 10 гаруй жилийн өмнө байгуулалцахад гар бие оролцсон хүний нэг л дээ би. Энэ студид маань анх дуу орсон бүтээл бол С.Цогийн "Алтан түлхүүр" теле жүжиг,  "Али Баба ба 40 дээрэмчин" уран сайхны кино юм даа. Яруу тунгалаг, тод сайхан хэллэгтэйгээр үзэгч олондоо хүргэх гэж л их л сэтгэл гаргасан. Сайн редактор, чадалтай найруулагч, сайхан жүжигчдийн сэтгэлийн хүчээр үзэгч олонд дажгүй хүрсэн шүү. Энэ дуу оруулалт дээр жинхэнэ "шигшмэл" баг ажилласан юм. Манайх чинь орчуулгын уран сайхны төдийгүй дэлгэцийн уран сайхны кинонд анх дуу хийсэн маань их дурсгалтай санагддаг "Би эндээс явахгүй" уран сайхны кинонд нэвтрүүлэгч Бямбацогт, Цоодол, АТС-ийн инженер Наранцэцэг, оператор Баярбилэг нар ажиллаж, бид дууг нь бичсэн юм.

-Хийж бүтээсэн ажлаа өнөөдөр эргээд нэг харахад..?

-Бахархалтай, дэндүү бахархалтай л даа. Теле жүжиг гэхэд 60 гаруйг, дэлгэцийн уран сайхны кино гэхэд 20 шахам, дээр нь долоо хоног тутам телевизийн дэлгэцнээ гардаг хүүхэлдэйн, баримтат, уран сайхны кинонд Эрдэнэчимэг инженертэйгээ ээлжлэн дууг нь бичиж найруулдаг гээд бодохоор бидний хөдөлмөр ямар их гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Телевизийн кинонд дуу хийнэ гэдэг ёстой л "нэг тогоонд чанагдаж" ажиллана гэсэн үг биз?

-Телевизийн ямар ч бүтээлийг хийхэд хамт олны итгэлцэл байхгүй бол бүтээл босохгүй л дээ. Хамт олны уур амьсгал, орчин бүрдэнэ гэж нэг том юм бий. Бид ажлаа эхлэхээс өмнө ямар нэг хөгжилтэй юм ярьж, инээж баясаж байж ажилдаа орно шүү дээ. Нэг ёсондоо оюун ухаанаа цэлмээж, сэтгэлээ ариусгаж байгаа юм. Би ер нь өөрийгөө тун азтай хүн гэж боддог. Монгол киноны дууны "одууд" жүжигчин Элбэгсайхан, Цэмпилмаа, Равдан, Дарамсүрэн мөн орчуулагч редактор Пүрэв, Мэргэн нартай мөр зэрэгцэн ажиллаж, тэндээс ихийг сурч яваадаа бахархдаг. Уламбаяр, Наранбаатар, Оюун, Энхбаяр, Ялалт, Баттүшиг, Ганчимэг гээд уран бүтээлч сэтгэлгээтэй олон залуус өсч өндийж яваад баярлаж явдаг.

-Дууны инженер Сүрэнхорлоотой манай үзэгчид эчнээ танил. Ажил тань л таны бахархал юм даа?

-Тийм шүү, би уул нь техникийн инженер хүн. Харин телевиз хэмээх энэ том тогоонд ороод уран бүтээлийнх нь далайд уусчихсан. Саяхнаас дууны найруулагчийн ажлыг давхар хийх зөвшөөрөл олгосон нь хамт олны минь надад хүлээлгэсэн том итгэл юм даа. Дууны инженер хүнийг дууны найруулагч болтол дагуулсан хүн бол манай дууны найруулагч Гүндэгмаа билээ. Дуу, авиа, чимээ шум гэдэг ямар нарийн билээ. Тухайлбал, зөвхөн хаалганы чихрах чимээ гээд бодъё л доо. Төмөр, модон, байшингийн, машины гээд тус тусдаа өөрийн гэсэн онцлогтой. Бас дээр нь ам барих, угтуулах, хоцрох гээд энэ бүхнийг технологи талаас нь харамгүй хэлж ярьдаг, уран бүтээлчдэдээ, хамт олондоо нөмөр нөөлөгтэй хүн гэж байдаг даа тэр бол дууны найруулагч Гүндэгмаа.

-Сүрэнхорлоо инженерийн уран бүтээлийн талаар уншигчид маань бага ч атугай ойлголт авсан байх. Харин хүнийх нь хувьд?

-Сэтгэл хөдөлсөн үедээ "Эцсийн тушаал" жүжгийн дууг дуулах, сонсох дуртай. Саяхнаас үг, аяыг нь бүрэн эхээр нь бичиж авч, зохиогчийнх нь дэргэд хоёр ч удаа дуулсан, ямар ч байсан муу дуулж байна" гэж хэлээгүй шүү. Хүүхдийг "Хүн болгож" хүмүүжүүлэхэд эцэг эх, гэр бүлийн орчин чухал юм даа. Би эхээс долуулаа. Аав, ээж хоёр маань Завхан аймгийн төвийн сургуулиудад насаараа багшилсан улс. Аавыг маань шавь нар нь, Завханыхан "Газар зүйн Лажаа" л гэж дотносдог. Манай гэр бүлд "Гар хөдөлбөл ам хөдөлнө" гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Тийм ч болохоор Сүрэнхорлоогоос болоод энэ ажил зогсчихлоо" гэсэн үг хамт олноос сонсохыг хүсдэггүй. Би энэ мэргэжил, телевизийн хамт олондоо хайртай. Тийм болохоор өдөр бүхэн гэрэлтэй, өглөө бүхэн шинэ байдаг юм даа...

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг "Сэтгэл зүрхний бичлэг" номоос 2007 он

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Дууны найруулагч дуучны авьяастай   
Үзсэн: 2815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-03-08 10:17
duunii injener Surenhorloo duunii nairuulagch Gundegmaa geed l deer ueiin orchuulgiin kinonii setgeld honogshson saiahn nernuu neeree l echnee tanidag bolson baij dee

Бидэнтэй нэгдээрэй