Шууд Chart

Сэтгэл ба томилолт

2016-03-09 12:31:51

Сэтгүүлчийн эргэцүүлэл

Томилолтыг хариуцлага, үүрэг, зорилго дагадаг. Түүнээс биш “Мөнгө” дагадаггүй. Алслагдсан, хөдөө орон нутагт аж төрж, амьдралаа залгуулж яваа хөдөөгийнхний ажил, үйлс, зовлон, жаргал саад бэрхшээлийг төр засаг, үзэгч олонд хүргэх гэж хөдөөгийн нэвтрүүлэгт нэлээдгүй хэдэн жил зүтгэчихэж. Томилолтын удирдамжийг төлөвлөж байхад сэтгүүлчийн сэтгэл зүрхэнд эргэлдэх, тэмүүлэх, хийх хүсэл зорилгыг хэнбугай нь ч хэмжиж үл чадах, тааж эс мэдэх биз. Бичих гэсэн, үзүүлэх гэсэн бүхэн маань сэтгэлд багтаж тэр зүг рүү хөтлөх үзүүргүй их замтай нийлдэг. Тийм болохоор аян замын урт, бартаа, донсолгоо, халуун, хүйтэн, салхи шуурга, бэрхшээл саадыг мэргэжилдээ дуртай сэтгэл маань ялдаг юм. Нэвтрүүлэгт маань орсон олон малчин сум, аймаг, улсын сайн малчин болж, тэр бүү хэл гавьяат, Хөдөлмөрийн баатар малчин ч болсон. Энэ бүхэнд өөрөө болчихсон  юм шиг дэвэрдэг энэ хөөрөл сэтгүүлчийн сэтгэл зүрхний “өвчин”. Өвөө, эмээгээ хормойдож, өтөг бууцан дээр өссөн болохоор би гэдэг амьтан яах аргагүй хөдөө чигтэй.

Дөрвөн цагийн эргэлтэнд хэдэн малаа гэж хөдөө хөхөрч яваа энэ хэдэн малчдын сэтгэл эцэстээ дөрвөн хананы  дунд тансагласан хотын бидэнд зориулсан их хайр. Нэг малчин өрх гэхэд  доод  тал нь төв суурингийн 2-3 айлын идэш хоол, цагаан идээг дааж, урин цагт хүүхэд багачуулыг нь агаар, салхинд  хөдөөлүүлж байна. Тэртэй, тэргүй уул уурхайн тэр том хөрөнгө мөнгө жирийн бидэнд нялзахгүй юм чинь, хэдэн мал, хэдэн бор малчнаа бөөцийлж байсан нь ойрхон бууна. Монголын түүхэнд, үе, үеийн хүнд хэцүү цагт улс Монголоо аварсан нь энэ хэдэн малчид, энэ хэдэн мал юм билээ. Бэлчээрийн мал аж ахуйн хөдөлмөр тун амаргүй. Өнөөдөр л гэхэд хотын бид “Мартын 8” гээд бүтэн өдөр дулаан гэр орондоо тухалж өнжихөд тэнд малчин эмэгтэй нялх төл амлуулах гээд хотны жаварт нойтон салиатай хургатай зууралдаж суугаа. Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин эмэгтэй Цэндээхүү “Хотын та нар шиг баасан, бямба, ням гараг гэсэн амралт бидэнд байхгүй. Тэр хөдөлмөр хамгаалал энэ тэрээ гэж байхгүй. Жирэмсэн эмэгтэй гүү сааж байлаа гэхэд хүүхдийн зулай дээр л гүүний хурц туурай зоолттой байна шүү дээ” гэсэн үнэн үг сэтгэлд маань уяатай явдаг юм. Энэ мэт малчдын амьдралын хар ухаан намайг хөглөж, хөдөө рүү хөтөлдөг юм.

Засгаас өгч байгаа томилолтын өдрийн 22.5ОО төгрөг  зам дагасан хэдэн гуанзанд хоол идэхэд хагасраад ирнэ. Замын хүнс, хиам, талх, салфетка энээ тэрээ, хүүхдэд өгөх атга чихэр, дулаан оймс, бээлий авъя гэвэл 22-ын товчоо гараагүй байхад дуусчих янзтай.  Эрхэм дээдсүүд гадаадын буудал, гадаадын онгоцны зардлыг тун сайн мэддэг бололтой. Би өмнөх Үндэсний зөвлөлийн дарга генерал Л.Пүрэвдоржид их баярлаж явдаг юм. Нэг удаа бид Хэнтий аймагт томилолтоор явж байхдаа шаварт суулаа. Л.Пүрэвдорж дарга, Аким бид гурав өдөржин булгийн усаар хоол хийж, шумууланд идүүлж өнжсөн. Нар шингэхийн үед Гансүх маань “Доллар Батсүхтэй ирж, 3О мянган төгрөгөөр татуулж гаргуулав. Л.Пүрэвдорж дарга “Өвөл та нар ингэж явж болохгүй ээ. Хөлдөж үхнэ. Дэлхий нийтэд эрсдлээс аврах зорилгоор хоёроос дээш машин цуваагаар явдаг. Би үүнийг  шийднэ” гэж байна. “Дарга аа, хоёр машин ч худлаа байх харин та зүг чиг заадаг багажийг л бидэнд шийдэж  өгөөрэй” гэсэн. “Тэр асуудалгүй” гэсэн. Одоо Л.Пүрэвдорж дарга алга даа. Санаа нь их сайхан юм. Ер нь дулаан өрөөнөөс дарга нар янз янзаар л ярьдаг юм.  Миний хамгийн сайн мэдэх юм дотоодын томилолтын зардал.

Замын гуанзны нэг таваг гурилтай шөл 5000- 6500, Хөвсгөл, Өмнөговь гэх мэт аймгийн буудлуудын нэг ор нь хоногтоо 25000- 35000 төгрөг болсон гэдгийг томилолтын зардал тооцож, төлөвлөдөг, төсөв мэддэг дарга нарт нэг дуулгая. Таваг шөлнийхөө мөнгийг нэмэрлээд ч буудлын мөнгө хүрэхээ больсон. Одоо өгч байгаа томилолтоор бол 5000 төгрөгөөр гурван удаа хооллож, үлдсэн 17500 0төгрөгөөр буудалд хоноглоно гэсэн үг. Гэтэл доод талын сумын буудлын нэг ор хоногт 15000-20000 болсон байх жишээтэй. Бүх юмны үнэ, өртөг өгсөөд, өсөн нэмэгдээд байхад дотоодын томилолтын зардал яг хэвээрээ байгаа нь хачирхалтай.  Шар усны үер, цас, бороонд, уул хадаар явах, замын тоос шороо, тоотойхон солих хэдхэн гутал, хувцастай бидэнд нэн халгаатай. За энэ ч бага хэрэг. Төлөвлөсөн шатахуун тосны хувьд бас л хүрч ядна. Цастай, шавартай, бартаатай замаар, уулын мухар, отроор яваа малчны хотонд хүрч очиход тэрэг техник, бензин тосонд тун ч үрэлгэн. Зам ашиглалтын  компани, цахилгаан станц мэтээс жаахан шатахуун гуйгаад нэмүүлчихнэ. Ганц нэг мэдээ, сурвалжлага оруулмаар л болно. Ингээд л мөнгө авсан нэр зүүж, сэжиглэгдэх нь даанч гомдмоор... Бодит амьдралын үнэн зураг энэ.

Нар, салхинд өнгө зүсээ гундаалгүй, замын тоосонд өмссөн хувцсаа гандаалгүй үзэмж төгөлдөр явах нь бүсгүй  хүний эрхэмлэх нэгэн зүйл ч сэтгэл зүрх, уран бүтээл гандаагүй бол  энэ бүхнээс  чухал. Би ч гэсэн эмэгтэй хүн. Хоёр байшингийн хооронд  гараа үрчээд, үнэртэн танартан  ханхлуулаад, зөв нандин хооллож, ундлаад, суурин суугаад байж болно  л доо. Гэвч эх нутагтаа эзэн байж, мал сүргээ адуулж маллаж яваа, Монголын нүүдлийн их соёлын голомтыг бадрааж яваа малчид, хөдөөгийнхөн маань намайг дууддаг юм.  Нэвтрүүлэг гарсны дараа хаа холоос холбогдож, арай гэж сүлжээ ордог газраас утас юугаа цэнэглэн байж ярьдаг, ирж манайхыг сурвалжлаач гэж урьдагт нь малчин түмэндээ би баярлаж явдаг. Эцэст нь хэлэхэд, томилолтоос сэтгэл биш, сэтгэлээс томилолт төрдөг юм шүү.

2016 оны 3-р сарын 8

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Сэтгэл ба томилолт  
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-10 22:36
Алтаа битгий өөрийгөө рекламдаад бай л даа зүгээр лажлаа хий Хэн ч хийх юмыг би би гээд байх нь эвгүй л юм.Бүтээлийг тань л үнлэе
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-03-10 22:33
Телевизийнхэн бүдүүлэг гэвэл,та нар гомдох л байх Бүгд биш л дээ.Өнөө цагт олон муу аргаар дэвжиж дээшилж явааг машинаа сольж яваа олон сэтгүүлчээс хараж болно. /сэтгүүлч Ёлко гуайг хэлье/ Өөрсдийгөө битгий рекламд,хэн ч микрофон,камертай явбал хэдэн Алтанцэцэгийн хийдэг сурвалжлага хийнэ шүү Гагцхүү та нарт тэр эрх нь байгаа Үүндээ зөв хүндэтгэлтэй хандаж явах хэрэгтэй
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-09 18:37
Өнөөдрийн бодит үнэнийг нүдэнд харагдтал сайхан бичиж нийтэлсэн сэтгүүлч П.Алтанцэцэгт баярлалаа. Үнэндээ томилолтын мөнгө гэж аманд ч үгүй цөөхөн хэдхэн төгрөгөөр зовж явсаар ирдгийг тэр бүр дарга мундагтангууд мэддэггүй нь үнэн ш дээ. Замын гуанзны таваг хоолны үнэ хэд болсныг тэд яаж мэдэх вэ дээ Алтанцэцэг сэтгүүлч минь ээ. Бодит байдлыг бодитоор нь үзэж мэдэрдэг сэтгүүлч та нар л мэднэ шүү дээ. Харин энэ тухай хөндөж бичсэн нь та боллоо. Баярлалаа
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-09 14:05
за та нар хөдөөний дарга нарыг муугаар чинь телевизээр гаргана гэж дарамтлаад үнэгүй хоол идээд, үнэгүй буудалд хоноод л явдагийг чинь мэдэж л байна

Бидэнтэй нэгдээрэй