Шууд Chart

Цахилгаанд холбогдох дундаж хугацааг түргэсгэхийг үүрэгдлээ

2016-03-09 15:15:50

Улаанбаатарын утааг багасгах эхний арга бол нүүрсний хэрэглээг багасгаж, цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх юм. Иймд цахилгаан эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр чухал. Тиймээс энэ удаагийн “Шийдлийн цаг” уулзалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид хийж байгааг  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ  (УБЦТС) ТӨХК нь 2015 онд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 51.6 хувийг түгээсэн. Тус компани нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 316190 хэрэглэгчдэд үйлчилж байна. Хэрэглэгчийн тоо 2014 онтой харьцуулахад 10.3 хувиар өссөн.

1996 онд түгээх сүлжээний нийт трансформаторуудын гурав хүрэхгүй хувь нь хувийн өмч байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын түгээх сүлжээний нийт трансформаторуудын 62 хувь нь нийтийн бус зориулалттай, хувийн трансформаторууд болж өссөн нь сүлжээний хэвийн, найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулсан юм.  Түүнд энэ хандлагаа өөрчилж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг аль болох дэмжиж ажиллах, энэ шинэ нөхцөлд яаж ажиллах талаар бодлогын шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан www.mytog.mn сайт ажиллуулж, гар утсаар төлбөр төлөх цахим орчин бүрдүүлж, ТҮЦ машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах, төлөх болон бусад мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Хэрэглэгчийн гомдол санал, хүсэлтийг 70047004 гэсэн суурин утас, facebook, twitter, yahoo messenger ашиглан 20 гаруй мэргэжлийн оператор өдөр бүр үдэш 22 цаг хүртэл авч иргэдэд шуурхай хариулт өгч, асуудлыг шийдвэрлэж ажилаж байгааг Ерөнхий сайд сайшаагаад ийм эерэг, зөв ажлуудаа үргэлжлүүлэн чанартай сайн гүйцэтгэхийг хүслээ.

Дэлхийн банк 2012 оноос эхлэн жил бүр дэлхийн 189 оронд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлж чадсан эсэхэд судалгаа хийж, байр эзлүүлэн “Бизнес эрхлэхүй” (DOING BUSINESS) тайланг нийтэлж байна. Энэхүү судалгааг 10 үзүүлэлтээр дүгнэдгээс “Цахилгаанд холбогдох”, “Зээл авах” гэсэн 2 үзүүлэлтээс бусад нь төрийн үйлчилгээнд хамаарах үзүүлэлт байдаг.

2015 оны статистик мэдээллийг үндэслэн гаргасан “Бизнес эрхлэхүй-2016” тайланд Монгол Улс 134 дүгээр байрт оржээ. Энэ үзүүлэлтийг сайжруулахын тулд ажиллах, энэ байраа урагшлуулах учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо. Улаанбаатар хотод “Цахилгаанд холбогдох” дундаж хугацаа 2013 онд 126 хоног байсныг 2015 онд 79 болгон бууруулсан байна. Одоо энэ хоногийн тоог 40 болгох, процедурын тоо 8 байгааг 3 болгох учиртай гэлээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дуудлагын төв болон Диспетчерийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “УБЦТС ТӨХК-ийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал”-ыг 2016 оны 4 дүгээр сард багтаан хэрэгжүүлж эхлэх, холбогдох нэмэлт зохицуулалтын баримт бичгүүдийг батлан гаргахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-д,

Мөн УБЦТС ТӨХК-ийн шинэ холболтын үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нийтэд ил тод, богино хугацаанд зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт,

Нийтийн сүлжээг барьж байгуулах зорилгоор иргэд байгууллагаас төлж байгаа төлбөртэй холбоотой үүсэх татварын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газарт тус тус даалгалаа.


Цахилгаанд холбогдох дундаж хугацааг түргэсгэхийг үүрэгдлээ  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй