
Засгийн газрын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 21-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Хуралдааны товч мэдээг одоо хүргэе.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаад даалгалаа.
- Засгийн газрын 2013 оны 38 дугаар, 2001 оны 134 дүгээр тогтоолд тус тус дурдсан Төрийн өмчийн хороо гэснийг Сангийн яам гэж өөрчлөхөөр тогтов.
- Говь-Алтай аймаг дахь “Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолбор болон хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрч, цаашид зардлыг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
- Уул уурхайн сайд Р.Жигжидийн 2016 оны 2 дугаар сарын 24-25-нд болсон Бүгд Найрамдах Перу Улсын Лима хотод зохион байгуулагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах дээд байгууллагын Олон Улсын 7 дугаар бага хурал”-д оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
- Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн тухай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан хэлэлцээ хийх асуудлаар ажилласан ажлын хэсгийн үр дүнг сайшааж, зээлийн нөхцөлийг дэмжив.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Холбооны Улсын Женев хотод хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр чуулганы Өндөр түвшний хуралдаанд 2016 оны 3 дугаар сарын 2-4-нд оролцсон дүнг танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
- “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийн барилга байгууламжийг барьж, байгуулах төслийн ашиглалтын өмнөх захиргааг 2016 оны 3 дугаар сард багтаан байгуулж, ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болголоо.
Засгийн газрын хуралдаан боллоо | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.