Шууд Chart

Засгийн газар хуралдав

2016-03-29 13:43:40

Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тоймлон хүргэж байна.

·  Гадаадын тусламж авах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгаж, тус журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх гэрээний загвар, маягтуудыг баталж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

·  Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган батлан, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

·  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2015 оны байдлаар 80.2 хувьтай гарлаа.

·  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтлоо.

·  Засгийн газрын тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус тогтоолын хавсралтаар баталсан зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоолоо.

·  2015 онд иргэдээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2015 онд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 515740 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 503014 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгсөн нь 97.5 хувийн үзүүлэлттэй байна.


Засгийн газар хуралдав  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй